Барилгын ажил эхлэх зөвшөөрлөө олгож эхлэхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 16

Есдүгээр сар гарсаар барилгын ажилтай холбоотойгоор хэд хэдэн хүний амь эрсдээд байгаа билээ. Харин өнөөдөр үүнтэй холбогдуулан Барилгын зөвлөгөө мэдээллийн төв, МҮХАҮТ Барилга, Дэд бүтцийн зөвлөл, МБҮЭХолбоо хамтран мэдээлэл хийлээ.  Тэдний хэлж буйгаар уг салбарыг дэмжихээсээ илүү өөлөх нь их байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Тухайлбал “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг нь болоод байна. Барилгачид шинэ засгийн газрын бодлого, хотын удирдлагын санаачилгыг дэмжиж байна. УБ хотын замбараагүй барилгажилт, хүнд суртлыг халах нь зөв, гэхдээ барилгын салбарыг  зогсонги байдалд оруулахгүйгээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэв.

      Хэрэв барилга бариулахгүй, барьсныг нь нураана гэж сүрдүүлээд байвал үүнийг дагах эрсдэл юу вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй хэмээлээ. Мөн НИТХ-аас барилга эхлүүлэх зөвшөөрөл олгохыг зогсоосноос хойш буюу гурван сарын xyгацаанд Барилгын мэргэжилтэй 12.800 гаруй барилгачин ажилгүй боллоо. Түүнчлэн барилга дагасан олон үйлчилгээ, жижиг бизнес зогсонги байдалд орж, улмаар барилгын компаниуд арилжааны банкуудаас авсан 800 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөнд саад учраад байна. Зээлийн хүүгийн төлбөрт нэг өдөрт л 500 сая төгрөг төлж байгаа бөгөөд энэ янзаараа удаан үргэлжилвэл арилжааны банкууд 2009 оны хямралын үеийнх шиг хүнд байдалд орж мэдэхээр байна гэдгийг хатуухан хэлээд байв.

      Мэдээллийн үеэр урьдчилгаа мөнгөө өгөөд байр бариулж байгаа иргэдийн талаар ч хөндөгдсөн юм. Өнөөдөр 6.000 иргэн байрныхаа урьдчилгаа мөнгийг өгсөн байгаа бөгөөд хэрэв барилга зогсвол давхар давхар хохирол амсах нь. Ингээд барилга баригдахгүй бол хэн хохирох вэ гэдэг асуултыг нухацтай аль болох олон талаас нь бодож үзэх хэрэгтэй байна. Хууль зөрчсөн, хариуцлага алдсан компаниудад хариуцлага тооцож, жирийн төрийн механизмаа ажилд оруулж, барилгын ажил эхлэх зөвшөөрлөө олгож эхлэхийг тэд хэвлэлийн хурлаар дамжуулан хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top