Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Нарны гүүр”-ийг нээх ёслол болж өндөрлөлөө.
Уг гүүрийг 2009 оны арваннэгдүгээр сараас эхэлж гурван жил гаруйн хугацаанд барьсан бөгөөд ирэх сарын 30-нд хүлээлгэн өгөх байсан ч нийслэлд өрнөөд буй зам засвар, шинэчлэлээс шалтгаалан 45 хоногийн өмнө ашиглалтад оруулж байна. Төмөр зам дээгүүр холбосон энэхүү гүүрэн гарц нь 262 метр урт, хойд урд дөхөх замууд 353 метр, нийт 895 метр урт, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, 100 жилийн эдэлгээтэй, явган хүний зам, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, гүүрнээс буух явган хүний шат бүхий авто замын иж бүрэн байгууламж юм. Гүүрийг Зам, тээврийн яамны Техникийн комисс хүлээн авсан бөгөөд гүүрээр хоногт 30 мянга гаруй машин нэвтрэх боломжтой, 100 тонн хүртэлх даацын машиныг даах чадвартай гэсэн тооцоо гаргасан юм байна. Ийнхүү шинэ гүүр ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал 30 хувь буурна гэсэн судалгаа гарчээ. Төслийн нийт өртөг 3,7 тэрбум иен болсон бөгөөд барилгын ажлыг Япон улсын “Жи Эф И инженеринг” гүйцэтгэж, зөвлөхөөр “ Си Ти Ай инженеринг” компани ажиллажээ.
Нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон Улсаас манай улсад суугаа Элчин сайд Такэнори Шимизү, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, гүйцэтгэгч байгууллага “Жи Эф И инженеринг”-ын удирдлагууд ажилчид, нийслэлийн зарим удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Мөн энэ үеэр төслийн мэргэжилтнүүд болоод гүйцэтгэгч компанийн төлөөллүүдэд нийслэлийн хүндэт тэмдгийг гардуулсан юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )