Египетийн сангийн урилгаар томилолт өвөрлөн Арабын Бүгд Найрамдах Египет Улсын парламент болон хууль, эрх зүйн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцан туршлага судалж буй УИХ.ын Тамгын газрын ажилтнууд хоёр долоо хоногийн турш тус улсын Хууль зүйн Үндэсний хүрээлэнд хичээллэж байна.
Египетийн Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, ноён Ахмед Солимон тэргүүтэй ажилтнууд Тамгын газрын ажилтнуудын сургалтын явц дахь бүхий л үйл ажиллагааг дэмжиж, тав тухтай нөхцөл байдлаар хангаж буйн зэрэгцээ манай төлөөлөгчдийн хичээл зүтгэлд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.
УИХ.ын Тамгын газрын ажилтнууд сургалтын хоёр дахь долоо хоногийн явцад тус улсын улс төрийн намуудын үйл ажиллагаа болон сонгуулийн талаар ноён Эль Хариригийн лекцийг сонсож, хууль тогтоох байгууллагын батлан гаргаж буй хууль, эрх зүйн баримт бичгүүдэд Үндсэн хуулийн зөвлөлийн зүгээс хэрхэн хяналт тавьдаг талаар Үндсэн хуулийн Шүүхийн гишүүн ноён Агоб Селимээс мэдээлэл сонссон юм. Мөн Үндсэн хуулийн зөвлөлийн шүүх нь хуулийн зарим "цоорхой"-г хэрхэн тайлбарлаж, дүгнэлт гаргадаг талаар тодорхой мэдээлэл авлаа.
Түүнчлэн Египетийн хууль зүйн байгууллагууд дотроос шинэхэнд тооцогдож буй Эдийн засгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцаж Үндсэн хуулийн зөвлөлийн шүүхээр зочиллоо.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )