Улсын хэмжээнд тэтгэвэрт гарч байгаа багш нарт 8-9 тэрбум шаардлагатай гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Боловсролын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард шинэчлэн батлаад ирэх 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх байсан ч багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн дөрвөн чухал заалтыг хэрэгжиж эхлэхээс нь өмнө хасах гэж байна хэмээн үзэж МҮЭХ, багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт, боловсролын байгууллагад 25-аас дээш жил ажилласан боловсролын салбарын ажилчдын тэтгэвэрт гарахад нь олгодог нэг удаагийн тэтгэмж болох 24, 36 сарын тэтгэмжийг хассан.

Хоёрдугаарт, багш нарыг таван жил тутамд эрүүл мэндийн үзлэгт оруулж байх төсвийг улсын төсөвт тусгаж оруулж хассан.

Гуравдугаарт, хөдөө орон нутагт таван жил тутамд ажиллахад нь зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгодог байсан бол хязгаарлагдмал болсон.

Дөрөвдүгээрт, Боловсролын салбарт 25-аас дээш жил ажилласан үйлчилгээний ажилчид болох нярав, нягтлан, цэвэрлэгч, манаач, жижүүр 25 жил ажилласан бол 12-18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах байсан нь мөн хасагдах дээрээ тулаад байгаа гэлээ.

Тэдний хэлж буйгаар “Цэцэрлэг, дунд сургууль, их дээд сургууль, мэргэжлийн сургуулийн багш нар нийгмийн баталгааг төрөөс хардаг. Үүний шалтгаан нь багшид өөрийн гэсэн өмч байдаггүй. Өмч хувьчлал явагдахад өөрийн гэсэн өмчгүй хоцорсон салбар бол боловсролын салбар. Гэхдээ нийгмийн баталгааг боловсролын хуулиар зохицуулж байсан. Гэтэл хэрэгжих шатнаасаа өмнө багш нарын нийгмийн асуудлыг шийдэх дөрвөн заалтыг хасахаар ярьж байна. Бид Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн 150-160 тэрбум төгрөг шаардагдах хэмжээний 10 мянган багш тэтгэвэрт гарахгүй гэж үзэж байгаа. Ийм олон багш тэтгэвэрт гарна гэсэн судалгааг хаанаас гаргасныг мэдэхгүй байна” гэсэн юм.

Мөн багш нарыг тэтгэвэртээ гарахыг хүсээгүй, өргөдлөө өгөөгүй байхад нь тэтгэвэрт гаргадаг дөрөв, таван жилийн өмнөх тооцоо судалгаагаар олон тэрбум төгрөг шаардагдана хэмээн үзсэн байж болзошгүй. Тэдэнд байгаа мэдээллээр улсын хэмжээнд жилд 500 орчим багш тэтгэвэрт гардаг. Харин энэ тоог 24 /Улаанбаатарт ажилласан багш/ болон 36 /орон нутагт ажилласан багш/ сараар тооцвол есөн тэрбум шаардагдах юм байна. Тухайлбал нийслэлд 50-59 насны 1400, улсын хэмжээнд 3114 багш байдаг аж. 50 хүрсэн дөрвөн хүүхэдтэй багш, 55 хүрсэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн багшийн тэтгэвэрт гарах эрх нь нээгддэг. Гэхдээ дөрвөн хүүхэдгүй багш олон байгаа гэв.

Хөдөө орон нутгаас олон багш эсэргүүцэж байгаагаа илэрхийлж эхэлсэн бөгөөд одоогоор Засгийн газар, Сангийн яам, Боловсролын яам, Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яаманд бичиг өгөөд байгаа ажээ. Тодруулбал, холбогдох хүмүүстэй уулзаж  бодит тоонд үндэслэн ярилцах хүсэлтэй байгаа юм байна. Хэрэв ингээд шийдвэрлэгдэхгүй бол жагсаж, ажил хаялт хийх хүртэл тэмцэхээ мэдэгдлээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top