Цахилгаан, дулаан, ус хангамжийг тасалдуулахгүй байхыг анхааруулав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

Нийслэлд жилд 10 гаруй мянган хүн шинээр нүүдэллэн ирдэг өнөө цагт цахилгаан, дулаан, ус хангамжийн асуудал гээд нийслэлчүүдийн хувьд шийдвэрлэх асуудал олон. Мэдээлэл шуурхай удирдлагын төвд дээрх асуудалтай холбоотой дуудлага зонхилон ирдэг байна. Гэсэн хэдий ч Мэдээлэл шуурхай удирдлагын төвд мэдээллээ ирүүлдэггүйгээс тухайлбал, хаана ямар засвар үйлчилгээ хийх, гэрэл цахилгааныг хязгаарлаж байгаа нь тодорхой бус байдгаас иргэдэд чирэгдэл үүсдэг. Тийм учраас дээрх асуудалтай холбоотой НОБГ-ын хуралдааны танхимд 14:00 цагаас нийслэлийн айл өрхүүдийг ус, цахилгаан, дулаанаар хангадаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, ээлжийн диспечерүүд уулзан саналаа солилцлоо. Уулзалтанд Хотын ерөнхий менежер Ч.Бат болон бусад албаны төлөөлөл оролцсон юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд л гэхэд төвлөрсөн дулаанд шинээр холбогдох барилга объектийн тоо жилд дунджаар 13 хувиар өссөн тоон үзүүлэлт гарсан байдаг. 2010 оноос хойш дулаанд холбосон барилгуудын дулааны ачааллыг хэтрүүлсэн эсэхийг “Улаанбаатар шугам сүлжээ” компани тогтоосны дараа 2012-2016 онд дулаан авахаар хөрөнгө оруулалт хийгдсэн барилгуудын асуудлыг ярих нь зүйтэй. Эдгээр барилгад дулаан дамжуулах эх үүсвэр нь байхгүй, харин техникийн зааврын дагуу холбосон тохиолдолд одоо байгаа барилгуудын дулаан доголдоно”. Манай II, III, IV ДЦС-ын суурилагдсан нийлбэр хүчин чадал нь 1585.0 гкал/ц байдаг. Станцуудын ашиглалтын гэрээ нь аль хэдийнэ дууссан. Одоо ажиллаж байгаа III, IV ДЦС-ын насжилт 30-40 жил хүрээд буй нь шинэ эх үүсвэр барих хамгийн наад захын шалтгаан болж байгаа юм. Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд 2020 хүртэл дулааны хэрэглээ 1000 гаруй гегакалориар өсөх тооцоо байгаа. Дулаан хангамжид холбогдон шинээр хэрэглэгч болоход хүндрэлтэй олон цэгүүд ч байгаа аж. Гэхдээ хүйтэн сэрүүний урь аль хэдийнээ орсон энэ үед дулаанаар хязгаарлана гэдэг нь байж болохгүй асуудал гэдгийг албаныхан хатуухан санууллаа. Мөн ус хангамжаар хязгаарлах болон эрчим хүчээр хязгаарлах нь өвлийн цагт олон хүндрэлийг бий болгоно. Ингэж иргэдийг хүнд байдалд оруулж болохгүй гэдгийг анхааруулав.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top