Чингис хаан менежментийн холбооны академийн тэргүүн Д.Энхтайван, Чингис хаан судлалын төвийн гүйцэтгэх захирал Д.Гарам-Очир нар МН мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлан мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын зорилго нь Чингис хааны төрсөн өдрийг Төгс буянт зурхайн тооллоор тооцон буруу өдөр тэмдэглэж байгааг олонд дуулгах байв. Монгол Улсын ерөнхийлөгч 2009 онд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг буулгасан. Гэхдээ Их эзэн хааны мэндэлсэн өдөр тодорхой бус билгийн тооллын цагалбараар зурхайч хэрхэн тооцно түүгээр тэмдэглэдэг жишиг тогтох болсон. Тодруулбал: 1962 онд Эзэн хааны мэндэлсний 800 жилийн ойг 5-р сарын 31-ний өдөр 1992 онд 830 жилийг ойг нь мөн тус өдөр тэмдэглэж байсан бол 2002 онд 840 жилийг тэмдэглэхэд зурхайчид 5-р сарын 3-ны өдөр тооцон тэмдэглэсэн нь Лу Алтан товчид Эзэн хааны зуны тэргүүн сарын 16-ны тэргэл өдөр төрсөн гэж бичсэнийг билгийн тооллын цагалбараар тооцсоноос үүдэлтэй аж. Энэ нь ч жил жил хувьсан өөрчлөгдөж, аргын тоололтой тохирохгүй байгаа юм.
Үнэндээ Чингис хааны төрсөн өдрийг ингэж төөрөгдүүлэхэд хүргэсэн нь Манж Чин гүрний төрийн бодлогод зохицуулан Төвдийн шарын шашнаас зориуд зохиосон ажиллагаа байсан гэж Чингис хаан судалгааны төвөөс мэдээллээ. Түүнчлэн тэдний мэдээлснээр Монголын түүхийн дурдатгал болсон Монголын нууц товчоо, Арван буянт номын цагаан түүх зэрэг XIII,XVI зууны түүхийн монгол сурвалж бичгүүдэд монгол цаг тооллоор Эзэн Чингис хаан зуны тэргүүн сарын тэргэл өдөр биш өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн нь батлагдаж байгаа аж. Тодруулбал: Ийнхүү Эзэн Чингис хаан гуравдугаар жарны морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу аргын тооллын 1162 оны 12-р сарын 22-ны өдөр төрсөн ажээ. Тиймээс энэ тухай зохих журмаар хэлэлцүүлэн тогтоож тэр өдөр Их Эзэн Чингис хааныхаа ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )