Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол урлагийн зөвлөлөөс үндэсний хэв маягаа хадгалан үлдсэн бүжгийн урлагийн байгууллагуудын дунд “Энержи Ресурс” компаниас 20 сая төгрөгийн хандивтай босох “Дөрөө” нэртэй төслийн шалгаруулалт зарласан билээ. Тус төсөлд Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид ялалт байгуулж энэ сарын 24, 25-нд “Дөрөө” нэртэй модерн бүжгэн жүжгээ үзэгчдэдээ толилуулахаар болоод байна. Энэ талаар тус чуулгын уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Бүжгэн жүжгийн цомнолыг Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн бичиж, бүжиг дэглээчээр дээрх чуулгын бүжиг дэглээч, СУИС-ийн багш М.Мөнгөнцэцэг ажиллаж байгаа бол хөгжмийг нь Ш.Өлзийбаяр бичсэн аж. Харин найруулагчаар “Натурданс” студийн найруулагч, продюсер Д.Энхбаяр томилогджээ. Дашрамд дуулгахад манай улсад анх удаа модерн бүжгэн жүжиг тоглогдох гэж байгаа юм.
Хурлын үеэр бүжиг дэглээч М.Мөнгэнцэцэгээс дараах асуултад тодруулга авсан юм.
М.Мөнгөнцэцэг: Б.Лхагвасүрэн гуай хөгжмийн зохиолчоо сонгосон
-Тоглолтын бэлтгэл хэдэн хувьтай явж байна вэ?
-Бүрэн хангагдсан. Маргааш тайзаа засах л үлдсэн.
-Энэ уралдаанд хэдэн бүтээл өрсөлдсөн бэ?
-Арваад бүтээл ирсэн гэж урлагийн зөвлөлөөс хэлсэн. Бид төсөлдөө анхаарч бүтээлээ хэрхэн сайхан болгох вэ гэдэгт анхаарч байсан болохоор чухам хэдэн бүтээл өрсөлдөж байгааг мэдсэнгүй. Манай чуулгын бүжигчид “Тогорууны хараал” нэртэй бүжгээр өрсөлдсөн.
-Зохиолыг нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай бичсэн гэсэн. Хэзээ захиалгаа өгсөн бэ?
-Найруулагчаар ажиллаж байгаа Д.Энхбаяр буюу манай гэр бүлийн хүн маань өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр захиалгаа өгч 10 хоногийн дараа авсан. Найруулагч түүнд хэлэхдээ “Манай чуулга “Дөрөө” нэртэй төсөл боловсруулж байгаа юм. Та энэ үгийг бодож байгаад зохиол бичээд өгөөч” гэж хэлсэн юм билээ. Гэтэл маргааш нь түүн рүү залгахдаа “Бодоод байтал чиний яриад байгаа ярианд чинь “Тогорууны хараал” нэртэй зохиол таарах юм байна” гэж. Тэгээд л ийм зохиолтой бүжгэн жүжиг бий болсон. Б.Лхагвасүрэн гуайн хэлж байгаа нь тогоруу гэдэг амьтан үрдээ маш харам учир хэрэв хэн нэгэн өндгийг нь санаатай, санаандгүй няцалвал ган дөрөөг сэтэртэл харааж чаддаг гэдгийг илтгэсэн байна билээ.
-Хөгжмийн зохиолчоор хэн ажиллаж байгаа вэ?
-Би өмнө нь С.Сансаргэрэлтэхтэй тохирчихсон байсан юм. Гэтэл тэр залуу маань хувийн ажилтай болчихоод завгүй болсноо мэдэгдсэн. Тэгсэн ч Монголын хөгжмийн урлагт шинэлэг бүтээл туурвиж байгаа Ш.Өлзийбаяр ажилласан. Түүнийг Б.Лхагвасүрэн гуай “Сайн уран бүтээлч залуу бий. Түүгээр зохиолгуулсан нь дээр” гэж хэлсэн юм. Сайхан ч хөгжим зохиосон байна билээ. Бүжиг дэглээчээр тус чуулгын бүжиг дэглээч, СУИС-ийн бүжгийн ангийн багш, манай эхнэр М.Мөнгөнцэцэг ажиллаж байгаа.
-Бүжиг тавилтын хувьд…?
-Бас л шинэлэг хэлбэрээр тавигдаж байгаа. Модерн биелгээ гэж юуг хэлдэг юм бэ гэдгийг үзэгчид үүнээс мэдэрч болно. Бүжигчдийн хувцас ч гэлээ модерн өнгө төрхөнд автагдсан. Шууд хэлэхэд тайзан дээр бүжиж байгаа бүжигчид хүн шиг харагдах ч нөгөө талаараа тогорууг санагдуулна. Үүгээрээ хүн эсрэг, байгаль эерэг дүр болж байгаа.
-Бүжгэн жүжиг юуг илэрхийлэх вэ?
-Хүн байгаль хоёр хэл, үйл хөдлөлөөрөө ойлгоцгүй ч нэг л эргэлдэх ертөнцөд хамт байдаг гэдгийг илэрхийлнэ. Тодруулбал энэ жүжигт Хүннүгийн үеийн цэргүүд ав хийж яваад тогорууны өндгийг мориороо санаандгүй гишгүүлдэг. Түүнээс болж тэр цэргүүд төд удалгүй аян дайнд мордохдоо ялагддаг. Тэр ялагдал нь тэдэнд дайснуудаасаа хүч дутуу байгаад л ялагдсан мэт төсөөлөгддөг ч гол учир нь тогорууны өндгийг мориороо бяц гишгүүлснээс үүдсэн хэрэг. Тогорууны хараал тэдэнд туссан гэсэн үг л дээ. Энэ хэсэг хүн, байгаль хоёрын далд ухамсрын асуудал шууд үйлчилж байгаа юм.
-Хувцас сонгохдоо судалгаа их хийсэн гэсэн үү?
-Тийм. Тэгснийхээ хүчинд энэ модерн бүжигт яг зохицсон хувцас сонгосон. СУИС-ийн дизайнер урлагийн багш Б.Мөнхцэцэг урлаж өгсөн. Тайзны чимэглэлийг Хүннү улсын олдворуудаас санаа авч дүрсэлсэн.
-Бүжиг хэдэн хэсэгтэй вэ?
-Долоо. Эхний хэсэг нь цэнгэлийн хэсэг буюу тогоруунууд дэгдээхэйнүүдтэйгээ хөөрөн баясч, тоглож байгааг үзүүлнэ. Дараагийн хэсэг нь ан ав, энэллийн дуу гэх мэтчилэн.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 1 )
Баярлалаа хичээлд тусаллаа кк