Охин минь авлига, хүнд суртал, доройтлын “хоолойд” дарагдсан гэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Энэ оны хичээлийн эхний өдөр есдүгээр сарын 3-ны өдөр тохиосон билээ. Энэ өдөр Шастиний нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд 12 настай охин дүү ээжийнхээ хамт гарцаар гарч яваад хажууханд нь барьж байсан “Төгсбүрэн” компанийн барилгад ажиллаж байсан зуурмаг шахагч томп толгойн тус газар нь унаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Харин өнөөдөр охины аав Д.Батсайхан, өмгөөлөгч В.Энхтамиртай хамтран охиныхоо 49 хоногийг өнгөрөөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Тэрээр мэдээллийн эхэнд өөрийн адилаар харамсалтайгаар гэр бүлийнхээ гишүүнийг алдсан гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлээд байв.

Түүний охин Б.Есүгэн нь 2000 оны 11-р сарын 14-нд төрсөн. “Радуга” дунд сургуулийн наймдугаар ангид суралцдаг байсан бөгөөд дуу дуулж, шүлэг бичдэг, бүжиглэдэг урлаг, спортын авьяастай, тусч, хөдөлмөрч, эх орон, эх хотоо цэвэр цэмцгэр байлгах чин хүсэлтэй нялх эх оронч байсан юм хэмээн аав нь охиныхоо тухай танилцуулсан юм. Охины гэр бүлийнхэн "Есүгэн" гэдэг сан байгуулах гэж байгаа тухайгаа мэдэгдлээ. Одоогоор албан ёсны эрхээ аваагүй байгаа ч 49 хоног нь дууссан тул одооноос хөөцөлдөж эхэлж байгаа аж.


Үүний дараа тэрээр энэ бүхний буруутан бол үе үеийн төр засаг юм гэдгийг онцолсон. Одоогоор охины хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд энэ хугацаанд хавтаст хэрэгтэй танилцаж болдоггүй болохоор хэвлэл мэдээллийнхэн та бүхэнд байгаа мэдээлэлтэй адил мэдээлэлтэй байгаа гэлээ. Харин мөрдөн байцаалт дуусахаар хавтаст хэрэгтэй танилцаж тодорхой мэдээлэлтэй болох байх гэсэн юм. Охины аав Д.Батсайхан нь Монгол төрийн тэргүүн, ард түмний эцэг бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж тодорхойлоод, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг нарт ил захидал илгээж байгаа тухайгаа мэдээллээ. Тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид илгээсэн захидалдаа түүний есдүгээр сарын нэгэн болгонд заадаг хичээлийг нь тэмдэглэж авсан охиныхоо хичээлийнх нь хэсгийг хавсаргасан гэлээ.

Мөн дээрх хоёр төрийн тэргүүнд “хариуцлагагүй бизнес газар авч, охины минь амь нас барилгын ажил гүйцэтгэж байсан хоолойд бус Монгол төрд үүрлэсэн хүнд суртал авлигаас үүдэлтэй, нийгэм дэх үзэл суртал, доройтлын хоолойд дарагдсан” гэж үзэж байгаа тухай дурджээ. Та “Ардын элч” кинон дээр гардаг шиг “Ард түмэн минь тайван байцгаа” гэхгүй байх гэдэгт найдаж байна гэжээ. Мөн ахин дахин эрдэнэт хүний амь насыг авч одсоор байх уу? Эдгээр хүний амь нас ямар үнэтэй вэ? Үрсийн минь амь насыг хэн хариуцах вэ? Монгол төр иргэнийхээ амийг юугаар төлөх вэ? зэрэг асуулт тавьжээ. Захидлынхаа төгсгөлд үрээ алдсан эцэг эхчүүд бид зураг, зул хоёроор голоо зогоож байгаагаа дурдаад Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байх хуультай болоход анхаарлаа хандуулаач ээ гэж хүсчээ. Мөн уг хоёр захидалдаа хариуцлагагүй бизнес орчин цагийн хэлмэгдүүлэлтийг бий болгож байна хэмээсэн юм.

Хохирогчдын зүгээс зөвхөн уг томпыг ажиллуулж байсан хүмүүсээс гадна тухайн барилгыг захиалагч, гүйцэтгэгч компанийг шалгаж өгөх хүсэлт тавьсан байна. Харин барилгын захилагч “Мүүди” компаниас гэр бүлийнхэнтэй нь уулзах хүсэлт тавьсан ч одоогоор уулзаагүй байгаа гэсэн юм.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top