Хүүхдийн найрал дууны уралдаан болно

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос Нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулж ирсэн.

Хүүхдийн найрал дууны уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны санаачлагаар 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон. Уралдаанд бүх дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулиас гадна Дархан, Эрдэнэт хот, ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн найрал дууны хамтлаг ч ач холбогдол өгч оролцдог нь энэхүү уралдааны хүрээ жилээс жилд өргөжин тэлж буйтай холбоотой.

Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 373 жилийн ойд зориулан 20 дахь жилийнхээ ойг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Хүүхдийн найрал дууны наадам” болгон зохион байгуулж, есөн дүүргийн ЕБС-ын дуу хөгжмийн багш, 80 гаруй сургуулийн найрал дууны 1300 гаруй хүүхэд “Улаан бүч” чуулга,  Монголын Хүүхдийн ордон, Дархан-Уул аймгийн хүүхдийн найрал дууны “Хүслийн шувуухай” хамтлаг, Нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачууд, "Лоолойгийн найз"-ууд, “Монгол эгшиглэн” хамтлаг энэхүү наадамд оролцох нь ээ. Наадмын үеэр Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх ба хүүхдийн дуу дуулаач гавьяат жүжигчин В.Долгор, дуучин С.Баттулга болон бусад уран бүтээлчид хүүхдүүдийн хамт 1950-иад оноос хойш зохиогдсон хүүхдийн шилдэг дууг эгшиглүүлэх аж. Удирдаачаар “Улаан бүч” чуулгыг үндэслэгч Ч.Буянхишиг ажиллана. Энэ сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөний тайзнаа найрал дууны гайхамшгаар нийслэл хотын 373 жилийн төрсөн өдөрт зориулсан хүндэтгэлийн концерт болох бөгөөд хүүхдүүдийн цангинасан хоолойгоор найрал дууны гайхамшгийг мэдрүүлэн нийслэлийнхээ ойд бэлэг барих аж. 

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй. ЕБС-ийн хөгжмийн хичээлийн сургалтын түвшин, багшийн ур чадварыг сорьж байдгаараа хөгжмийн хичээлийн олимпиад болдог. Энэ ч утгаараа багш нарын ур чадварыг сорьдог онцлогтой. Найрал дуу нь хүүхэд багачуудыг хамт олноор ажиллах чадварт сургах, гоо зүй, урлагийн боловсролыг нь дээшүүлэх, урлагаар дамжуулан тэднийг хүмүүжүүлэхэд чухал үүрэгтэй.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top