“Орчлон” сургуулийн сурагчид өнөөдөр хичээлдээ явна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

“Орчлон” дунд сургуулийн сурагчид үдийн хоолноосоо хордож, нянгийн гаралтай гэдэсний халдварт өвчин туссан нь тогтоогдоод байсан. Иймд сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон бөгөөд өчигдрөөс эхлэн хичээл хэвийн үргэлжлэх ёстой байсан ч сургуулийнхан хүүхдүүдээ хүлээн авч, хичээлээ эхлээгүй юм. Харин өнөөдөр цэвэрлэгээ ариутгалаа хийж дууссан тул хичээл хэвийн үргэлжлэхээр болжээ.

Мөн сургуульд гарсан энэхүү хоолны хордлогын талаар ХӨСҮТ-ээс дүгнэлт гарсан байна. Хоолны хордлогод хамааралтай 568 хүнээс асуумж судалгаа авч, эмнэл зүйн шинж илэрсэн 341 хүнээс давхардсан тоогоор 458 шинжилгээ авч шинжлэхэд 90 хүнээс өвчний үүсгэгч илэрчээ. Үүний 17-д нь цусан суулгын нян, 71-д нь алтлаг стафилококк, хоёр хүнд эдгээр нян хавсарч илэрсэн аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хийсэн ажилчдын болон орчны эд зүйлс, зарим хүнсний зүйлд хийсэн шинжилгээний 68.0 хувьд гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд илэрсэн учир цусан суулгын нян, алтлаг стафилококкоор үүссэн хоолны хордлогот халдварын дэгдэлт гарсан гэж дүгнэжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top