Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Баянзүрх дүүргийн Тамгын газрын Захиргааны ордонд ”Хэрэглэгч хаан” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт тус дүүргийн хэрэглэгчдийн төлөөлөл, хэрэглэгчидтэй ажилладаг нийгмийн ажилтнууд, аж ахуй нэгж, хорооны засаг дарга нар оролцож хэрэглэгч, аж ахуйн нэгжийн өмнө тулгамдаад буй бэрхшээлийг сонсож, ярилцав. Хэлэлцүүлгээс гарч байгаа санал гомдол, асуудлуудыг сонсож зөвлөгөө өгөх, зарим гомдлыг авч хариу өгөхөөр болжээ.
Уг хэлэлцүүлэг нь ирэх сард болох “Нийслэлийн хэрэглэгчийн форум”-ын бэлтгэл ажлын хүрээнд болж буй аж. Хэлэлцүүлгээс гарсан асуудал, үр дүнг уг форумд нэгтгэж үр дүнг тайлагнах зорилготой юм байна. Хэлэлцүүлэг нь Баянзүрх дүүргээс эхэлж байгаа бөгөөд нийслэлийн бүх дүүргүүдэд болох юм. Хэрэглэгчдийн хэлж буйгаар бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөл, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд хэрэглэгчдэд үйлчилдэг томоохон захууд тус дүүрэгт ажилладаг зэрэг гомдлууд түгээмэл байв. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн эрх нэлээд олон салбарт зөрчигдөж байна. Тухайлбал, судалгаагаар худалдаа үйлчилгээ, барилга, орон сууц, нийтийн аж ахуйн газрууд, эмнэлгийн салбаруудад түгээмэл байгаа юм. Харин Хэрэглэгчийн эрхийн газрын онцолж буйгаар “Хэрэглэгч хаан байхад эхлээд хэрэглэгч өөрөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ бол Хэрэглэгч хаан байх гол үндэс юм” гэдгийг онцолсон юм.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )