“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоо” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хурлын танхимд Нийслэлийн цагдаагийн газар, Хуульзүйн яам хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэс гэр бүл хүүхэд хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөлөл бүхий 50-иад байгууллага оролцлоо. Сэдвийн хүрээнд “Хүйсийн тэгш эрх” ТББ-ын захирал н.Ганбаясах болон бусад төлөөлөгчид илтгэл тавьж байв.
Зөвлөгөөний үеэр Архидалт мансуурлын эсрэг ассоциацийн А.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Сүүлийн үед архидалт мансууруулах бодист автах хүмүүсийн тоо ихэсч, нас нь залуужаад байна уу?
-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад архидалтын үзүүлэлт багасч байгаа гэх сайхан үзүүлэлт байгаа ч оюун санааны хувьд хязгаарлагдаж чадахгүй байна. Өнөөдөр гэнэт архидалт байгааг мэдчихээд би тэмцэх гээд байгаа юм биш. Нийслэлийн хэмжээнд архи худалдаалдаг 2664 дэлгүүр, түүгээр үйлчилдэг мөн 2000 орчим үйлчилгээний газар байдаг ажээ. Эдгээрээр үйлчлүүлж эрүүлжүүлэгдсэн хүүхдийн тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй харагдаж байна. Тухайлбал, эрүүлжүүлэгдсэн 18 нас хүртэлх хүүхдийн тоо 2006 онд 175, 2007 онд 231, 2008 онд 264, 2009 онд 288, 2010 онд 956, 2011 онд 1416 болж тасралтгүй өссөн. Архи хэрэглэж эхлэх нас залуужих тусам архинд донтох эмгэг нэмэгддэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг нь олон хүнийг эмзэглүүлж байгаа юм.
-Бага насны хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэж амь насаа алдсан тохиолдол гарах боллоо. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу юм бол?
-Ерөнхийдөө энэ зүйл маань Монгол улсад түгшүүрийн хэмжээнд яригдаж байгаа томоохон асуудал яахын аргагүй болоод байгаа. Хүүхдүүд нэг нэгнээ дуурайж туршиж хэрэглэдэг. Хэрэглээг нь дагаад эдгээр мансууруулах бодисыг хязгаарлах хяналт сул байна. Хүүхэд хаанаас л бол хаанаас ороод авчих нөхцөл бүрэн бүрдчихсэн. Мөн эцэг эхийн хараа хяналт сул байна.
“Хөгжлийн хэлхээ” төвийн тэргүүн А.Долгор: Одоогоор манайд 20 гэр бүлийн 30 хүүхэд байна

-Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгтэй холбогдох нь ихэсч байна. Энэ чиглэл рүү танай ТББ ямар ажил хийж байна вэ?
-Манай байгууллага 2009 оноос эхлэн нийслэлийн гуйлга гуйдаг хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Гэмт хэрэгт холбогдох хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Хэдийгээр ТББ байгууллагууд өөрсдийн хэмжээнд ажиллаж байгаа ч бас төрийн дэмжлэг үгүйлэгдэж байна. Бид хараа хяналтгүй хүүхдүүдтэй гадны хоёр ТББ-тай хамтран ажил зохион байгуулж байна. Мөн хаяг тогтоох байгууллагатай хамтран ажилладаг.
-Хаяг тогтоох төвтэй хамтарч хараа хяналтгүй хэчнээн хүүхдийн хаягийг тогтоосон бэ?
-Бид 2009 оноос хойш 42 хүүхэд илрүүлээд 42 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн. Одоогоор манайд 20 гэр бүлийн 30 хүүхэд байна. Ямартай ч бид хороодтой нь холбогдоод явж байна. Цаашдаа төрийн байгууллагатайгаа холбогдоод ажиллах боломж нээгдэж байгаа байх гэж бодож байна.
Зөвлөгөөний үр дүнд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар төрийн санд төвлөрүүлж байгаа торгуулийн орлогоос сан бүрдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах ажлыг зохион байгуулах, Ерөнхий боловсролын болон их дээд сургуулийн багш нартай хуваарийн дагуу эргүүл, шалгалтанд хамтран ажиллах, Иргэдийн эрх зүйн ухамсар соёлыг дээшлүүлэх, иргэдэд хууль эрх зүйн анхан шатны мэдлэг олгох сурталчилгааг орон нутгийн телевиз, радиогоор явуулах, Зөвхөн бүртгэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна нууц далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулах, Боловсрол, соёлын газраас дорвитой арга хэмжээ авах гэх мэтчилэн олон асуудлыг хөндлөө.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )