Ч.Хүрэлбаатар, Б.Дэнзэн нар хамтарч үзэсгэлэнгээ гаргана

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

“Цагаандариум” арт галерейд Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач Ч.Хүрэлбаатар, уран барималч Б.Дэнзэн нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш болох гэж байна. Тэд Санкт Петербург хотын Репиний Академийг дүүргэсэн бөгөөд сүүлийн үеийн бүтээлээ дэлгэх гэж байгаа гэнэ. Ч.Хүрэлбаатарын уран бүтээлүүд нь реалист шинжтэй байдаг ба уран бүтээлүүддээ нарийн детальчилж ажилладаг, бор саарал өнгийг их ашигладаг. Түүний бүтээлүүд Монголын уран зургийн галерейгаас эхлээд АНУ-ын “Pierre House Gallery”,  Японы “Fukuoka Art Museum”, "Toyota" company, болон Англи, ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Герман, Итали, Унгар, Шведийн уран зураг сонирхогчдын хувийн цуглуулгад багтдаг.  

Тэгвэл нэрт эрдэмтэн Б.Ринченгийн ач, Монголын тэргүүний палеонтологич Р.Барсболдын хүү уран барималч, зураач Б.Дэнзэнг Улаанбаатарын төвд байрлах С.Зориг агсны хөшөө, “Централ таур”-ын өмнөх цэцэрлэгт талбайд Хубилай хааны үед түүний захидлыг Ромын папад хүргэсэн элч төлөөлөгч, нэрт жуулчин Марко Поло, Их дэлгүүрийн өмнө байрлах “Битлз” хамтлагийн хөшөөг урласан гэдгээр нь олон хүн мэднэ. Тэрбээр Улаан-Yдэд төрж Монголд өссөн. Орос, Польш, Унгар улсад тvvний бvтээсэн олон сайхан баримал сvндэрлэн байдаг билээ. Үзэсгэлэн энэ сарын 31 хүртэл хүртэл үргэлжилнэ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top