Зайлшгүй, аюулгүйн нөөц бэлтгэх явц хангалтгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Орон нутагт хадлан тэжээл бэлтгэх ажил төгсгөл шатандаа оржээ. Улсын хэмжээнд 155 мянган малчин өрхөд 46 сая мал өвөлжиж, хаваржихаар тооцож байгаа аж.

Эдгээр малд хэрэгтэй хадлан тэжээлийг тооцвол 1,2 сая тонн байгалийн хадлан, 32 мянган тонн ногоон тэжээл бэлтгэх ёстой юм байна. Аравдугаар сарын 22-ны байдлаар 1,1 сая тонн буюу 92,2 хувьтай байгалийн хадлан бэлтгэсэн бол 35,6 мянган тонн ногоон тэжээл, 38,6 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.

Дээрх тоо нь энэ жил улсын хэмжээгээр хадлан тэжээлийн хэмжээ сайн байгааг харуулж байгаа юм. Тухайлбал, энэ жил иргэд аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчид хадлан, тэжээлийн бэлтгэл сайн хийсний дээр хадлан тэжээлийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 3000 гаруй хадлангийн дунд оврын техникийг иргэдэд хөнгөлттэй нөхцөлөөр олгосон юм. Мөн ногоон тэжээлийг төвийн бүсийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчид сайн бэлтгэсэн бол баруун болоод говийн бүсэд гар тэжээл түлхүү бэлтгэгдсэн аж. Харин Засгийн газрын 296-р тогтоолоор орон нутагт зайлшгүй аюулгүйн нөөцийг бэлтгэх үүрэг даалгаврыг өгсөн ч биелэлт аймаг, сумын түвшинд хангалтгүй байгаа юм байна. Энэхүү нөөцийг Засаг даргын нөөц хөрөнгөөр бүрдүүлж, гол цэгүүдэд байршуулах ёстой ч бэлтгэл хангамж сумдад 41, аймгуудад 30,4 хувьтай байгаа юм. Иймд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ажлын хэсгүүдийг ажиллуулж байгаа гэлээ. Харин улсын нөөц хангалттай хэмжээнд бэлтгэгдэж аймагт байгаа 30 гаруй цэг, салбартаа өвс, тэжээлийг 11-р сарын 15-ны дотор бүрэн байршуулахаар төлөвлөн, 70 хувьтай үргэлжилж байгаа ажээ. Яамны мэдэгдэж буйгаар өвөлжилтийн төлөв байдал 11,12-р сард олон жилийн дундаж орчим хүйтэн, цастай байх бол нэг болон хоёрдугаар сард нийт нутгаар хур тунадасны хэмжээ нэмэгдэж орох хандлагатай байгаа гэв.

Одоогоор улсын хэмжээнд 50 гаруй сая мал намаржиж байгаа бөгөөд 6-7 сая малын махыг нөөцөлдөг. Ялангуяа хаврын махны хомсдол, үнийн хөөрөгдөлтэй холбоотойгоор Үйлдвэр хөдөө аж ахуйн яам бодлогоор арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа аж. Малчид малын сайн, мууг ялгаж нөөц бүрдүүлэхэд дутагдалтай ажиллаж, малын хорогдолтой өвөлждөг тал бий. Иймд яамны зүгээс хангалттай нөөц бүрдүүлэхийн тулд Монгол банктай хамтарч үйлдвэрүүдэд нөөцлөх, санхүүжүүлэх, эргэлтийн хөрөнгийг нь олгох нөхцөл бололцоог бүрдүүлэхэээр ажиллаж байгааг онцлов.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top