“Дөрөө” өнөөдөр нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Орчин үеийн бүжгийн “Натурданс” студи Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгатай хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор найруулан дэглэсэн “Дөрөө” модерн бүжгэн жүжиг өнөөдөр, маргааш Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн энэхүү модерн бүжгэн жүжиг нь монгол биелгээг өвөрмөц хэлбэрээр болон орчин үеийн хөдөлгөөн, мэдрэмжээр баяжуулан цоо шинээр найруулгатайгаар үзэгч олонд хүрэх гэж байгаа нь энэ.  

Тогоруу үрдээ харам бөгөөд өндгийг нь хагалахад төмөр дөрөөний сэнжийг тасартал хараадаг гэх монголчуудын эртний үгээс ишлэн бүтсэн энэхүү бүжгэн жүжиг үзэгч олон, тэр дундаа орчин үеийн хүүхэд залууст хүрээлэн буй орчиндоо зүй зохистой хандаж, байгальд ээлтэй хандахад төлөвшүүлэх аж. Мөн эх байгалиа хайрлан дээдлэх сэтгэлийг улам дэврээх зорилго агуулсан бөгөөд “Эх байгалийг өшрөөвөөс эргээд гашууныг амсана” гэдгийг энэ үеийнхэнд сануулахыг зорьжээ. Цоо шинэ хөгжим, бүжгийн өвөрмөц хөдөлгөөн бүхий “Дөрөө” бүжгэн жүжиг монгол үндэстний давтагдашгүй өв соёлын нэг монгол биелгээг орчин үеийн бүжгийн хэлээр илэрхийлсэн нь нүүдэлчдийн соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг судлах, орчин үеийн урлагт уламжлалт өв соёлоо шингээх, хөгжүүлэх шинэ талбарыг нээхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Бүжгэн жүжигт Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын бүжигчид, хөгжимчид, уран нугараачид оролцох бөгөөд “Энержи ресурс” ХХК ивээн тэтгэж, Монголын урлагийн зөвлөл дэмжиж ажиллаж байгаа юм.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top