Намрын адаг сар ирж, ургац хураалтын ажил өндөрлөх дөхөж байгаа билээ. Иймд Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Ренчинсэнгээтэй ургац хураалтын явц, төлөвлөгөө биелэлтийн талаар ярилцлаа.
-Энэ жилийн ургац хураалтын ажлын явцын талаар яриагаа эхлэе?
-Энэ оны ургац хураалтын ажил төгсгөлийн шатандаа орж, ойрын 3-4 хоногтоо багтан дуусах гэж байна. Энэ жилийн тухайд урьдчилсан тооцоогоор 480 гаруй мянган тонн үр тариа хурааж авах ёстой. Үүнээс улаан буудай 430 мянган тонныг хурааж, 93,5 хувьтай үргэлжилж байгаа. Мөн бусад үр тариагаа хураан аваад байна. Төмс хүнсний ногоогоо бүрэн хураагаад дууслаа. Харин малын тэжээлийн ургамал 95 хувьтай дуусч байгаа бөгөөд бага хэмжээний арвай, овъёос үлдсэн. Мөн энэ онд тосны ургамал их хэмжээгээр таригдаж хураалт 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Үүнээс дийлэнх нь Сэлэнгэ аймагт үлдсэн байгаа. Эхлээд буудайгаа хурааж, дараа нь тосны ургамал руу орсон учраас хураалт бага зэрэг оройтсон. Энэ жил үр тариа их онцлогтой, шалгуур өндөртэй жилд таригдаж, ургаж, боловсорч, хураагдаж байгаа юм. Тухайлбал, хавар тариалалтын дараа дулаан дутаж ургамлын болцод нилээд нөлөөллөө. Зун төдийлөн дулаан байсангүй, хур бороо ихтэй байлаа. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 20-нд тариалангийн төв бүс нутгуудаар хяруу унаж, хөрсөнд цочир хүйтрэл өгснөөс ургацын чанарт нөлөөлсөн байгаа. Ингээд есдүгээр сарын 10-наас хураалт эхэлсэн. Гэтэл мөн үүнээс хойш 2-3 удаа хур тунадас орж, ургац хураалтын ажилд саатал учрууллаа. Улсын хэмжээгээр Сэлэнгэ аймаг төлөвлөсөн ургацаа авч байгаа. Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгийн зарим сумдад хяруу унаж цочроо өгсөн. Иймд байдлаар хямралд өртөж байгаа нь техник, тоног төхөөрөмж муутай, бага дунд аж ахуйн нэгжүүдэд энэ бэрхшээл их тохиолдож байна. Харин тоног төхөөрөмжөө шинэчилж чадсан томоохон компаниуд бага хохиролтой бэрхшээлийг даван туулж байх жишээтэй. Тэгэхээр газар тариалангийн үйлдвэрлэгчид цаашдаа хөдөлмөрөө хорших цаг болжээ. Нийлж нэгдэж техник тоног төхөөрөмж, үр бордоогоо хамтын хүчээр шийддэг, технологийн зөвлөмж авдаг болох шаардлага гарч ирж байна. Яамны зүгээс ургац хураалт эхлэх үетэй давхцуулан туршлагатай эрдэмтэд, ахмад тариаланчдыг тариалангийн бүс нутгаар авч явж ургацаа хохирол багатай, чанартай бүтээгдэхүүн хураахад нь зөвлөгөө өгсөн.
-Ургац хураалтын хэмжээ дотоодын зах зээлийг хэрхэн хангаж чадах вэ?
-Хүнсний ногоог 60 гаруй хувиар хангана. Төмсний дотоодын хэрэглээгээ сүүлийн хоёр жилд бүрэн хангаад байгаа. Үүний хажуугаар төмс, хүнсний ногооны зоорьтой болох чухал болж байна. Ингэхдээ хөдөлмөрөө хоршиж хоршоо, нөхөрлөл байгуулах нь зүйтэй. Энэ тохиолдолд улсаас дэмжлэг үзүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тариалангийн бүс нутгаар явахад төмс, хүнсний ногоогоо хурааж чадахгүй хөлдөөж байна л даа. Өөрсдийн гар ажиллагаанаас давсан хэмжээний төмс, хүнсний ногоо тарьчихаад хураах болоход ажиллах хүч, техникийн дутагдлаас болоод сүүлд нь өөрсдөө нойр хоолгүй зүтгэж ядардаг байдал ажиглагдаж байна. Ийм зүйл тохиолдож байна гэдэг хөдөлмөрөө хоршихыг, нэгдэхийг шаардаж байна л даа. Ингэж чадвал хохиролгүй давах боломжтой. Яамны зүгээс өвөл тариаланчдын амарч байгаа цагт мэргэжлийн сургалт, зөвлөгөө өгье шийдээд байгаа. Түүнчлэн, хөдөөд ажиллах хүч дутагдалтай болсон байна. 21 мянган төгрөгийг төрөөс халамж болгоод өгөхөөр банканд дугаарлаж байдаг хэрнээ 20 мянган төгрөгөөр цалинжуулж ногоо хураалгах гэхээр хойргошоод байдаг. Мөн газар тариалан төвийн бүс нутагт илүү хөгжөөд алслагдсан нутагт сул байгаа. Улаанбаатараас 300-аас дээш км алслагдаад ирэхээр үйлдвэрлэлийн хэмжээ, зах зээл хязгаартай болдог тал байна. Иймд тухайн бүс нутгаа хангах хэмжээнд тариаланг ирэх жилүүдэд бодлого, хөтөлбөр болгон хэрэгжүүлж ажиллая гэсэн төлөвлөгөө бий.
-Ургац хураалтын төлөвлөгөө хэрхэн биелээд байна?
-Бид наймдугаар сарын 20-ны дотор нийт ургацын балансыг тогтоодог л доо. Тухайлбал нэг га-аас хэр ургац авах вэ гэдэг тогтоолтыг гаргадаг. Төмс гэхэд 208,5 мянган тонн хурааж авах баланс гарсан бол 228 мянган тонныг хурааж авсан байна. Хүнсний ногоо 99,4 мянган тонн авах төлөвлөгөөт зорилт байсан бол 96 мянган тонныг авсан дүн мэдээ байна. Гэхдээ эцсийн баланс гараагүй байгаа. Нөгөө талаар цаг уурын байдалтай холбоотойгоор хяруунд цохиулсанаас үүсээд тэжээлийн ургамлын зорилт давсан байх жишээтэй. 30,8 мянган тонн малын тэжээлийг хурааж авна гэсэн бол 40 мянган тонныг авсан. Үр тариа 468,8 мянган тонныг авах ёстой. Өнөөдрийн байдлаар 440 мянган тонныг авч 93,5 хувьтай үргэлжилж байна.
-Манай улсад үр тариа хадгалалтын сав чухал байдаг шүү дээ. Хурааж авсан ургацаа хадгалах савны хүрэлцээг хэрхэн тооцоолсон байгаа вэ?
-Тариаланчид, үйлдвэрлэгчид сүүлийн 3 жилд агуулах саваа сайн бэлдсэн. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулах ч мөн бололцооны хэмжээнд хүрэлцэнэ. Хураан авсан ургацаа бүрэн дүүрэн хадгалах бололцоотой байгаа.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )