Жил бүрийн 11-р сарын 1-ний өдрийг “Үндэсний Өгөх Өдөр” болгон тунхагласан хөдөлгөөнийхөн өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ жилийн хүрээнд хийх ажлаа мөн зарласан юм. Хэвлэлийн хуралд хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлж байсан "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ-ын Тэргүүн Б.Баярсайхан, UP Music Production ерөнхий продюссер Н.Халиун, дуучин Т.Бат-Оргил, Монголын Хүмүүнлэгийн Ирээдүй ОУБ-ын Гүйцэтгэх захирал С.Пүрэвсүрэн болон Удвал охины ээж Г.Мянганбаяр нар оролцлоо. Тус өдрийн хүрээнд дэлхийн хүүхдийн шилдэг зохиолуудын нэг, АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” хэмээх сургаалт өгүүллэгийн номыг монгол, англи хос хэл дээр 10 000 хувиар хэвлэн, бага сургуулиудад тараах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Мөн "Өгөх Өдөр Хөдөлгөөн" ТББ-ын Тэргүүн Б.Баярсайхан “Өгөхийн гайхамшгийг номлосон сургаалт өгүүллэгээр дамжуулан бага насны хүүхдүүдийг авах биш, өгөх үйлсэд багаас нь сургах, аав ээжийн ачлал хайрыг мэдрүүлэн, зөв хүн болон төлөвшихөд нь туслах зорилготой. Өгөх Өдөр Хөдөлгөөнөөс энэ өдөр нийслэлийн хэд хэдэн бага сургуулиудад олны танил эрхмүүд зочлон очиж, “Өглөгч Мод”-ыг уншин, хүүхэд багачуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэх аж. Үндэсний өгөх өдрийн хүрээнд эхний жил хүнд өвчинд нэрвэгдсэн Э.Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж чадсан бөгөөд БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт арван сарын турш эмчлүүлэн, бүрэн эдгэрсэн билээ. Өнөөдрийн хэвлэлийн хуралд Э.Удвал охин ээжийнхээ хамт ирсэн байсан. Харин 2011 онд 29-р тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд том оврын автобусыг худалдаж авах аян өрнүүлэн, 20 сая төгрөгийн өртгөөр автобус худалдан авч өгсөн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульдаа байнга хамрагдах боломжтой болжээ. Энэ жилийн хувьд тус өдрийг угтан хандивын арга хэмжээг энэ сарын 26-нд зохион байгуулах гэнэ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )