Манай улс сүүлийн таван жилд цахим сүлжээгээр идэвхтэй бөгөөд хурдацтай холбогдон ажиллах болсон. Ялангуяа фэйсбүүк болон твиттер хэрэглэгчдийн тоо эрс өсөөд байгаа билээ. Тухайлбал фэйсбүүкийг 500-аад мянган хүн идэвхтэй хэрэглэдэг бол твиттерт 50-60 мянган хүн бүртгэлтэй байна гэсэн албан бус тоо гарчээ. Тус тусдаа групп үүсгэн, сонирхлоороо нэгддэг хэсэг бүлэг хүмүүс байдаг бол Нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг цахим ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн сайн дурын харилцааны нэгдэл гэх уриатай “Монголын жиргээчдийн нийгэмлэг" ТББ байгуулагдаж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллагыг твиттер хэрэглэгч залуусаас санал авсны үндсэн дээр байгуулж байгаа аж. Жиргээчдийн нийгэмлэгийн эхний хэрэгжүүлж байгаа төсөл бол архи тамхины эсрэг төсөл юм. Тодруулбал, архи тамхи гэх зэрэг хорт зуршлын хэрэглээг бууруулах, архи тамхинд зарцуулсан мөнгөөр өөрсдөдөө болон нийгэмд юу бүтээж, юунд зориулж болохыг үзэх бөгөөд нэг жиргээчид долоо хоног бүр өөрийн өгөхийг хүссэн мөнгөө жиргээчдийн дансанд хийх гэнэ. Харин хуримтлагдсан хөрөнгийг архи тамхины эсрэг сурталчилгаанд, Жиргээчдээс санаачилсан хандивын ажлууд, Жиргээчдээс санаачлагдсан ашигтай бизнест хөрөнгө оруулалт хийх зэрэг ажлуудад зарцуулах гэнэ. Нийгэмлэгийн үндсэн зарчим нь улс төрийн үйл ажиллагаанаас ангид байж, аль нэг нам, эвсэл, хувь улс төрчийн улс төрийн сурталчилгааг хийхгүй, шууд ардчиллын зарчмыг хэрэглэх, шууд ардчиллын цахим хэлбэрийг удиртгал болгон ажиллахаас гадна үйл ажиллагаандаа ил тод, шударга байх зарчмыг баримтлах бөгөөд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, УЗ-ийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй байлгана хэмээн жиргээчдийн төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Сонирхуулахад, “Монголын жиргээчдийн нийгэмлэг” ТББ-д олны танил олон хүн нэгдсэн байдаг ажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )