Даатгуулагчид 93 хүртэлх хувиар хөнгөлөлт эдлэх эрхтэй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 25

Өнгөрсөн онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 02 тоот тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байна. Гэтэл уг журмыг мэддэггүйгээс Эрүүл мэндийн даатгал төлөгчид эмийн сангаас эмийг шууд худалдан авдаг. Эмийн сангууд ч энэ журмыг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаггүй сул тал бий. Журам ёсоор бол Эрүүл мэндийн даатгал төлөгчид улсын болон хувийн нэр дурдсан эмийн сангуудаас 132 нэр төрлийн эмийг дээд тал нь 93 хувь хүртэлх хувиар хөнгөлүүлэн худалдан авах боломжтой аж. Энэ онд гэхэд  ЭМД-ын сангаас 12 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулсан байна. Иймд энэхүү журмыг хэрэгжүүлэхийн тулд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон ЭМЯ хяналт, шалгалт хийнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа.

Энэхүү  журмаар  эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг даатгуулагчдын эрэлт, шаардлагад нийцсэн мэргэжлийн түвшинд хүргэх, даатгуулагчдад эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, тэднийг мэдээллээр хангах, эмийн сангууд төлбөр тооцоог заавал кассын болон бар кодын машинаар хийх, ингэснээр даатгуулагчаас илүү төлбөр төлүүлэх, өндөр үнэтэй эм худалдах зэрэг зөрчлөөс урдчилан сэргийлэх, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах нөхцөл бүрдэж буй юм. Гэвч энэ журам батлагдсанаасаа хойш аль аль талдаа хангалтгүй хэрэгжиж байгааг эмийн сангаар үйлчлүүлэх даатгал төлөгч иргэдээс, энэ журамд хамрагдсан эмийн сангуудаас ажиглаж болохоор байна. Учир нь даатгал төлөгчид энэ талаар хангалттай мэдээлэлгүй, эмийн сангууд хэт ашиг харж үйлчлүүлэгчдэдээ энэ талаарх мэдээлэл өгч үйлчилдэггүйтэй холбоотой. Уг нь бол эмийн үнийн хөнгөлөлт олгох эрх бүхий эмийн сангууд нь иргэд, даатгуулагчдад “Даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, үнэ, хөнгөлөх хувь, хэмжээ”-г харагдахуйц газар ил, тодоор бичиж байрлуулсан байх, өрх, сум, багийн эмч нар хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлэхтэй холбоотой мэдээллийг өгөх  үүрэгтэй ч энэ нь төдийлөн хангалтгүй байгаа.  Нийгмийн даатгалын байгууллага нь улсын хэмжээнд зөвшөөрөл бүхий  417 эмийн сантай даатгалын гэрээ байгуулсан бөгөөд үүнээс 29 нь нийслэлд, 388 нь аймаг, орон нутагт эмийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн эрүүл мэндийн “даатгуулагчид” гэдэгт ямар хүмүүс багтах нь зарим хүмүүс тодорхой бус байж болох юм. Тухайлбал, 16 хүртэлх насны хүүхдийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцдаг. Тэгвэл “даатгуулагчид” гэдэгт цалин хөлснөөсөө сар бүр шимтгэлээ төлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, шимтгэлээ өөрөө төлж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид, шимтгэлээ өөрөө эсвэл Хүний хөгжил сангаас төлүүлж байгаа малчид, оюутан суралцагчид, тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд, төр шимтгэлийг нь хариуцан төлдөг 16 хүртэлх насны хүүхдүүд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, хүүхдээ асарч байгаа эхчүүд, хугацаат цэргийн албан хаагчид, Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу  тэтгэвэр авч байгаа иргэд хамаарах юм. Үүнд хамаарах даатгуулагчид аль нутаг дэвсгэрийн засаг захиргааны харъяалалд байна тухайн нутаг дэвсгэрийнхээ уг журамд хамааралтай улсын болон хувийн эмийн сангаар үйлчлүүлэх учиртай юм байна. Ингэхдээ ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийг эмийн жорын маягтад бичүүлэн, нэг маягтад 3-аас илүүгүй нэр төрлийн эмийг  “эмийн ерөнхий нэршлээр” бичсэн байх шаардлагатай аж. Гэхдээ эмч нь тухайн өвчин эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамжийг баримтлан эмийн жорыг нэг удаад 5 хүртэл хоногийн тунгаар бичих ёстой.  Харин удаан хугацаагаар хэрэглэгдэх уналт таталтын эсрэг, дааврын, цусны даралт, салга өвчин эмчлэх, сэтгэцийн эмгэгт хэрэглэх, чихрийн шижин эмчлэх, бамбай булчирхайн даавар, элэг цусны үйл ажиллагаанд нөлөөлөх болон элэг хамгаалах эм, бэлдмэлийг 30 хүртэлх хоногийн тунгаар бичиж болох бөгөөд эмчийн бичиж өгсөн жор нь бичигдсэн өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хүчинтэй байхаар зохицуулагдсан байна. Даатгуулагчид эмийн сангаас эмээ авахдаа харьяалагдах сум, хороо, багийн эмчийн бичиж өгсөн жорын бичиг, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ авч очин хөнгөлүүлэх боломжийг бүрдүүлж өгчээ. Иймд даатгуулагчид аливаа өвчнөөр өвчилж, хөнгөлөлттэй үнийн жагсаалтад орсон эмийг эмчийн жороор бичүүлсэн бол Нийгмийн даатгалын сангаас олгосон эрхийнхээ хүрээнд тухайн эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч болох нь ээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт, хөнгөлөх хувь, хэмжээ /энд дарж харна уу/

ЭМД-ын сангаас санхүүждэг орон нутгийн эмийн сангууд /энд дарж харна уу/

ЭМД-ын сангаас санхүүждэг нийслэлийн эмийн сангууд /энд дарж харна уу/

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top