Монголын тайз, дэлгэцийн урлагийн энэ цагийн төлөөлөл залуу уран бүтээлчид болох жүжигчин Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нарын байгуулсан “Мөрөөдлийн театр” үүдээ нээгээд удаагүй байна. Шинэхэн бүтээлүүд нь үзэгчдэд таалагдаж буй цагийн дор Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяртай уулзлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Унасан газар угаасан усныхаа талаар яриагаа эхлэе?
-Улаанбаатар хотын унаган хүү, тэр дундаа Улаанхуаранд өсөж торнисон доо.
-Жүжигчний мэргэжлийг яагаад сонгох болов?
-СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцахаар шалгалт өгөөд тэнцдэггүй юм байна. Энэ мэргэжил миний сонирхлыг маш их татаж байсан болохоор тэнцсэнгүй гээд энэ мэргэжлийг орхилгүй “Зохиомж” дээд сургуульд орж 2003 онд төгссөн.
-Урлагийн хүн болоход юу нөлөөлөв ?
-Дунд сургууль төгсөөд ямар мэргэжил сонгох вэ гэж их бодсон. Аав намайг цэргийн хүн болгох сонирхолтой байсан. Харин ээжтэйгээ ярилцаж байгаад энэ мэргэжлээ сонгосон доо.
-Аав тань цэргийн хүн үү?
-Тийм ээ. Аав маань Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид жолооч Ц.Ганбаатар гэж хүн бий. Тийм ч учраас цэргийн хувцастай хүн харахаар цаанаа л нүдэнд дулаахан, өөриймсөг санагддаг юм.
-Таны бодлоор найз гэж хэн бэ, та хэр сайн найз байж чаддаг вэ?
-Найз гэж нандин нөхөрлөлийг хэлнэ, миний хувьд маш олон найзтай, итгэл дааж, зовлон жаргалаа хуваалцдаг найзгүй бол амьдралыг төсөөлөхөд бэрх санагдаж байна. Тийм ч учраас нэгэндээ урам өгч, нэгнийгээ хурцалж, хазайхад нь ч хамт байж чадвал найз гэдэг үгний мөн чанар харагдана. Миний хувьд хэр сайн найз вэ гэдгийг найзууд маань дүгнэх байх аа.
-Жүжигчин СТА Г.Алтаншагайтай хамтраад “Мөрөөдлийн театр”-аа байгуулж өрх тусгаарласан талаар....?
-“Мөрөөдлийн театр” маань нэг жилийнхээ ойтой золгох гэж байна. Энэ хугацаанд чамгүй уран бүтээл туурвиж, үзэгч олноосоо урмын үг нэлээд сонссон.
-Танай хамт олон зөвхөн драм гэхгүй шоу драм, кино урлагт ч хүч үзэж эхэллээ. Цаашдаа яг аль чиглэлийг нь дагнаж ажиллах бол?
-“Мөрөөдлийн театр” ямар нэгэн чиглэлд баригдахгүй уран бүтээлээ туурвина. Бид энэ зун дахин нэг дэлгэцийн уран бүтээл хийсэн. Ар, араас нь уран бүтээлүүд хийх төлөвлөгөөтэй байгаа.
-Найруулагчдаас кинонд тоглох санал хэр ирдэг вэ?
-Нэлээд ирдэг л дээ, гэхдээ тэр болгонд нааштай хариу өгөөд байдаггүй. Хамгийн гол нь зохиол таалагдах эсэх нь чухал.
-Түүхэн сэдэвтэй уран бүтээл хийх үү?
-Магадгүй таван жилийн дараа сонгодог болон түүхэн уран бүтээл хийнэ. Өнөөдөртөө бол боломжгүй, залуу уран бүтээлч бидэнд цаг хугацаа хэрэгтэй. Түүнээс биш бүх зүйлийг шүүрч авч чанаргүй бүтээл гаргах бодол алга.
“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид мөрөөдлийнхөө багахан хэсгийг биелүүлсэн байх аа. Танай тeaтp хэзээ өөрийн гэсэн байртай болох вэ? Энэ бас нэг мөрөөдлийн чинь нэг хэсэг болов уу?
-“Мөрөөдлийн театр”-ын хамгийн эцсийн зогсоол бол том театртай болох зорилготой ажиллаж байна. Драмын театр шиг том театртай болчихоод тэнд нь 100 гаруй жүжигчин ажилладаг гэх мэтчилэн хүний мөрөөдөл агуу. Гэхдээ мөрөөдлийг мөрөөдөж суух биш хэрэгжүүлэх л хэрэгтэй. Үүнийхээ төлөө ч бид ажиллах ёстой. “Мөрөөдлийн театр”-ын нэг уриа байдаг л даа. Бидэнд маргааш гэсэн өдөр байхгүй шүү. Бид өнөөдөр л хийх хэрэгтэй хэмээх уриатай ажилладаг. Энэ маань цэргийнхэнтэй адил зарчмаар ажилладаг гэж ойлгож болно. Цэргийнхэн чинь тушаалаа хойш тавьдаггүй биз дээ.
А.АЛТАНХУЯГ
Эх сурвалж: “Соёмбо”

Сэтгэгдэл ( 0 )