1971 онд ус нэвтрүүлдэггүй аяга анх гарснаар аягатай бэлэн гоймон үйлдвэрлэгдэж эхэлсэн. Хямд үнэ, хурдан болц, бэлтгэхэд амар, идэхэд амттай, хялбар зэрэг нь хүн төрөлхтөний хоолны жорд нэгэн шинэ үеийг эхлүүлсэн билээ. Манай улсын хүнсний зах зээлд хэдийнээ танил болсон “Нонгшим” бэлэн гоймонгоос хорт хавдар үүсгэдэг бензопирен хэмээх бодис илэрсэн талаар Азийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэллээ. Тухайлбал, Хятадын “China Post” сайт тус улсын супермаркетууд өчигдрөөс эхлэн лангуунаасаа Солонгосоос импортоор орж ирсэн энэхүү гоймонг хурааж эхэлсэн талаар мэдээлсэн байна. Солонгосын "Нонгшим" гоймонгоос хүний эрүүл мэндэд нөлөөлөхүйц хортой бодисууд илэрснийг Өмнөд Солонгос дахь монголчуудын сайтад ч мөн мэдээлсэн байна.
"Нон-шим" компанийн бэлэн болон аягатай гоймонгуудад зургадугаар сард хийсэн шалгалтаар дээрх зөрчил илэрч, нэн даруй зөрчлийг арилгах арга хэмжээ авах шаардлага хүргүүлсэн ч компанийн зүгээс өнөөг хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй ажээ. Иймээс хэрэглэгчдэд анхааруулан сануулах үүднээс БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар цацаж эхэлжээ. Халуун усанд хурдан дэвтэж идэхэд бэлэн болдог бүх төрлийн бэлэн гоймонг Цельсийн 350-400 градусын өндөр халуунд чанаж үйлдвэрлэдэг байна. Ингэж бэлтгэх явцад гоймонд хүний биед хорт хавдар үүсгэгч бензопирен хэмээх бодис үүсдэг болохыг илрүүлжээ. Нэг кг бэлэн гоймон тутамд 2,0-4,7 микрограмм бензопирен бодис агуулагддаг юм байна. Энэ нь хэвийн хэмжээнээс 3-7 дахин их гэнэ. Түүнчлэн NHK телевизээр “Нонгшим” компани өөрийн бэлэн хоолнуудаа Японы зах зээлээс буцаан татаж эхэлсэн талаар мэдээлсэн байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )