Б.Ичинхорлоо соёл урлагийн мэргэжилтнээр ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Намрын бүлээн салхи навчистайгаа хамт хацар илсээр алсрах мөч хаяанд ирлээ. Энэ л жаргал мэт санагдах дотоод хөндүүрээ ил гаргадаг хүмүүс бол яруу найрагчид. Тэдний нэг бол “Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо юм. Тэрбээр АНУ-д гэр бүлээрээ амьдарч байгаад жил гаруйн өмнө эх орондоо ирсэн. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн удирддаг байсан Соёл урлагийн хороонд ажиллаж байгаад Шинэ Засгийн газар байгуулагдсанаар тус байгууллага нь татан буугдахад Соёл урлагийг хөгжүүлэх санд соёл урлагийн мэргэжилтнээр саяхнаас ажиллах болсон. Тиймээс шинэ ажилдаа дарагдаад уран бүтээлээсээ хөндийрч байгаа бололтой. Ямар сайндаа “Үзэг цаас нийлүүлэх зав гарахгүй юм” гэнэ.

Тэрбээр АНУ-д амьдарч байхдаа бичсэн шүлгээсээ шигшиж Монгол, Англи, Хятад хэлэнд орчуулсан “Хол алс” нэртэй номоо хэдэн сарын өмнө гаргах гэж байна гэх нь дуулдсан. Тэрхүү номыг чухам хэзээ уншигчдын хүртээл болгох гэж байгаа талаар асуухад “Энэ миний тав дахь ном. Ботьтойгоо зургаа дахь нь. Өмнөх номууддаа 108 суваргыг бэлгэдэж төдий тооны шүлэг оруулсан. Энэ удаад ч мөн адил тооны шүлгээ багтаана. Одоогоор шүлгүүдээ орчуулагч нарт өгсөн болохоор бага зэрэг хүлээлтэд ороод байна. Тэгээд ч энэ жил миний үеийнхний ихэнх нь ном гаргана гэсэн. Тиймээс тэдэнтэйгээ давхцаад яах вэ гэж бодоод сүүлд нь гаргахаар болсон. Уг нь төлөвлөгөө ёсоор байсан бол өдийд номоо гаргаад, нээлтээ хийгээд “алаад хаячих” хугацаа болсон” хэмээн тас тас хөхөрсөн. Тиймээс уншигч та бид түүний номыг хүлээхээс өмнө нэгэн үеийн найрагчдын номыг нь хүлээвэл арай эрт унших нь ээ.

У.Бодол  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ххххх(124.158.76.9) 2025 оны 03 сарын 13

янзтай гоё хүүхэн

1  |  0
Top