Нийгэм, эдийн засгийн тойм: Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт болсон нийгэм, эдийн засгийн мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна. Хэрвээ та мэдээний  дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

Хүүхдийн мөнгө олгож эхэллээ

Хүүхдийн мөнгө дахин олгох тухай шийдвэрлэж, бүртгэл өргөдлийг хүлээн аваад байсан бол даваа гаригаас эхлэн “Хүний хөгжил” сангаас иргэний бүртгэлийн зөрчилгүй 744665 хүүхдийн дансанд 20 мянган төгрөгийг нь байршуулжээ.

Кранд даруулж нас барсан 12 настай охины аав Ерөнхийлөгчтэй уулзав

Энэ оны хичээлийн эхний өдөр есдүгээр сарын 3-ны өдөр тохиосон билээ. Энэ өдөр Шастиний нэрэмжит нэгдсэн гуравдугаар эмнэлгийн баруун талд 12 настай охин дүү ээжийнхээ хамт гарцаар гарч яваад хажууханд нь барьж байсан “Төгсбүрэн” компанийн барилгад ажиллаж байсан зуурмаг шахагч томп толгойн тус газар нь унаж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Харин даваа гаригт охины аав Д.Батсайхан, өмгөөлөгч В.Энхтамиртай хамтран охиныхоо 49 хоногийг өнгөрөөгөөд хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Тус хурлаар Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад ил захидал илгээж байгаагаа мэдэгдсэний зэрэгцээ, энэ бүхний буруутан нь үе үеийн төр засаг юм гэдгийг онцлон хэлээд байв. Ингээд охины аав Д.Батсайханыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лхагва гаригт хүлээн авч уулзан, төрийн болоод холбогдох мэргэжилтэн, ажилтнуудын бурууг хүлээн аваад, цаашид энэ алдаа дутагдалтай асуудалд анхаарал хандуулахаа мэдэгдээд байлаа.

 Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хөтөлбөр хэрэгжинэ

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран таван чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллахаар болсон юм.

Тухайлбал, нефть шатахуун, мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, гурил, барилгын материал гэсэн гол нэрийн барааны үнийг тогтвортой барих, эдгээр барааны үнийн огцом өсөлтөд шууд нөлөө үзүүлдэг тээвэрлэлтийн зардлыг бууруулах, мөн орон сууцны үнийг огцом өсгөхгүй байлгахад чиглэсэн олон талт ажил багтсан хөтөлбөрийг санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажээ.

“Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвтэй боллоо

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгож, иргэний оролцоог нэмэгдүүлэн, шууд ардчиллыг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар сонсож байна” лавлагаа мэдээллийн төвийг нээлээ.

Нийслэлийн төсвийг 109 тэрбум байхаар баталлаа

Улсын төсвөөс Нийслэлд олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 11 тэрбум 243,1 сая төгрөгөөр бууруулж, 109 тэрбум 136,9 сая төгрөг байхаар баталжээ.

Энэ долоо хоногоор ургац хураалтын ажил өндөрлөж, өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна

Орон нутагт хадлан тэжээл бэлтгэх ажил төгсгөл шатандаа оржээ. Улсын хэмжээнд 155 мянган малчин өрхөд 46 сая мал өвөлжиж, хаваржихаар тооцож байгаа аж. Эдгээр малд хэрэгтэй хадлан тэжээлийг тооцвол 1,2 сая тонн байгалийн хадлан, 32 мянган тонн ногоон тэжээл бэлтгэх ёстой юм байна. Аравдугаар сарын 22-ны байдлаар 1,1 сая тонн буюу 92,2 хувьтай байгалийн хадлан бэлтгэсэн бол 35,6 мянган тонн ногоон тэжээл, 38,6 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.

Портер нүүрсний үнийг 100 мянган төгрөг болгоно

Шинэчлэлийн Засгийн газар иргэддээ хямд нүүрс хүргэхэд анхаарч нийслэлийн зах дээр 250 мянган төгрөг байгаа Портер нүүрсний үнийг 100 мянган төгрөг болгоно. Иргэд хямд нүүрсээ 14 хоногийн дараа авч эхэлнэ гэдгийг уурхайд ажиллахдаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

МОХ-ны чуулга уулзалт саатлаа

Өчигдөр буюу баасан гаригт МОХ-ны чуулга уулзалт “Сүнжин гранд” зочид буудалд боллоо. Уг чуулга уулзалтаар МОХ-ны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг сонгохоор төлөвлөөд байсан ч зарим оюутны төлөөлөл “чуулга уулзалтад оруулахгүй байна” хэмээн зочид буудалд үймээн үүсч, эхэлсэн ч хоёр хоногийн дараа үргэлжлүүлэхээр болсон юм.

Багш нарт олгох тэтгэлгийг эцсийн байдлаар шийдвэрлэлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 74.5 хувийн саналаар баталлаа.

Нэгдүгээр эгнээгээр такси, сурагчдын автобус зорчино

Зүүн дөрвөн замаас 25-р эмийн сан хүртэл нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрхтэй байгаа билээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах төсөл амжилттай хэрэгжиж, ачаалал 20 хувь буурсан гэж дүгнээд байгаа. Иймд өнөөдрөөс эхлэн нэмж такси болон сурагчдын автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулах шийдвэр гаргаад байна. Мөн экспресс буюу эхний буудлаас хүнээ аваад дундах ямар ч буудал дээр зогсохгүй эцсийн буудал хүргэх автобусыг явуулахаар боллоо.

Машины улсын дугаарыг лацдана

Тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлах болсонтой холбогдуулж иргэд дугаараа солих явдал их гарч байгаа билээ. Иймд Зам тээврийн яамнаас автомашины улсын дугаарыг лацдахаар төлөвлөжээ. Лацадсан тохиолдолд тухайн дугаарыг авах боломжгүй бөгөөд замын цагдаагийн ажилтан ч авах эрхгүй болох юм. Мөн цаашид улсын дугаарыг тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн иргэний үнэмлэхний хаягаар хаягжуулахаар болжээ. Тодруулбал, улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим үнэмлэхний лавлагааг Авто тээврийн газрын сантай холбосноор тухайн жолооч хэдэн удаа хаягийн шилжилт хийлгэсэн нь автоматаар солигдож байхаар тооцжээ.

ДОХ-ын гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ

ДОХ-ын шинжилгээгээр Монгол улсын 114, 115 дахь тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээд байв. 
Одоогоор тэднийг эмнэлгийн хяналтад авч, тархварын судалгаа хийгдэж байгаа юм байна.  Мөн эмнэлгийн байгууллагад хандаж үйлчлүүлсэн гадаадын нэг иргэнээс ХДХВ-ын халдвар илэрсэн байна. Энэ нь гадаадын иргэдээс манай улсад илэрч оношлогдсон 15 дахь тохиолдол ажээ.

Монголбанк томилгоо хийв

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тус банкны “Дотоод аудитын газар”-ын бүтцэд өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ тус газрыг "Дотоод Хяналт, Үйл ажиллагааны эрсдэлийн газар" гэж нэрлээд, газрын захирлаар Х.Дэлгэрийг томилсон. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар Д.Ган-Очирыг тус тус томилоод байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top