”Сэтгэлд гал байвал тулганд илч байдаг”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Хүйтний улирал наашилж хөхүүрийн ам цаашлангуут гэр хорооллынхонд түлшний асуудал гэсэн толгой өвтгөсөн проблем бий болдог. Тэгвэл энэ өвөл арай өөрөөр амьдарч болох нь.

Саяхан Засгийн газраас гаргасан шийдвэрээр гэр хорооллын иргэдэд очих нүүрсний үнийг хангалттай түвшинд буулгасан сайхан мэдээ түгэн ард олноо баярлууллаа. Одоо 40 кг шуудайтай нүүрсийг ердөө л 3200 төгрөгөөр худалдан авахаар болжээ.

Өмнө нь ямар байлаа. Таван кг ч хүрэхгүй шахуу жижиг тор нүүрс 1500 төгрөг, зарим газар бүр 2000 хүрч байсан. Энэ нь орлого багатай борчуудын амьдралд хүндээр тусан, зарим айлууд зөвхөн өглөө оройд хоол цай хийх үедээ гал үнэртүүлсэн болоод бусад үед нь зэвхий даагаад сууцгаах маягтай, Улаанбаатарын гэр хорооллын ерөнхий зураглал нэг иймэрхүү, бараан саарал өнгө голлосон \хэрэв өнгөөр төсөөлөхөд хүрвэл\ байсан.

Тэгвэл нүүрсний үнийг ингэж хямдруулснаар иргэд маань орон гэртээ халуун дулаан уур амьсгалтай, балчирхан үрс нь улаа бутарч тоглож наадан, нийгмийн нэн чухал эд эс болдог өрх гэрийн амьдрал эерэгээр өөрчлөгдөх сайхан боломж бүрдэж байна.

Иргэдэд очих нүүрсний үнийг хямдруулах боломж хайн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүх Эрчим хүчний яам, Багануурын уурхайнхантай хамтран нэг сарын турш ажиллаж байгаа аж. Багануурын уурхайд иргэдэд зориулж нүүрс олборлох тусгай мөргөцөг гаргахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ. Багануурын уурхайгаас өдөрт 172 вагон нүүрс нийслэл хот руу ачуулдаг бөгөөд энэ цувааны 26 вагонд иргэдэд зориулсан нүүрсийг тээвэрлэхээр болж байна. Энэхүү нүүрсийг Толгойт, Амгалан өртөөн дээр буулган шуудайлж, дүүрэг хороодод хүргэх ажлыг хувийн компаниуд гүйцэтгэх аж.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү бодлогын ачаар портер нүүрс зах дээр 250 мянган төгрөг байсныг 100 мянга болгон хямдруулж, нүүрсний чанарын хувьд ч гологдол багатай, нунтаг биш, шигшсэн дунд болон том ширхэгтэй нүүрс иргэдийн хэрэгцээнд очих юм байна.

Энэ маягаар ард олноо гэсэн Засгийн газрын халуун дулаан сэтгэл айл бүрийн голомтод бадрах нүүрсээр дамжин иргэддээ хүрч байгаа нь гэр хорооллынхны талархлыг зүй ёсоор хүлээж байгаа билээ. Цаашид ч Шинэчлэлийн Засгийн газар энэ эрчээрээ ажиллан, ард олныхоо нийгмийн асуудлуудыг шийдэх далайцтай шинэлэг бодлого хэрэгжүүлнэ гэдэгт жирийн иргэд бид итгэл найдвар дүүрэн байна.    

Сэтгэлд гал байвал тулганд илч байдаг...

Д.Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top