Амьдралын гашуун үнэн: Нууц амрагтаа бичсэн захидал

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Хүмүүний амьдралд "нууц амраг" гэсэн нэр томьёо хэзээ үүссэнийг хэн ч тодорхой мэдэхгүй буй заа. Ямартай ч амьдрал дээр энэ зүйл бодитоор оршин, ардын дуу шүлгэнд хүртэл "аргагүй амраг" хэмээн мөнхөрсөн, үгүйсгэе гэвч арга үгүй, үнэхээр л амьдралын гашуун үнэн гэлтэй. Ингээд хаа нэгтээ олж уншаад таалагдсан нэгэн захидлыг сонирхуулахаар нийтлэв. 

"Сайн байна уу хонгор минь. Он жилүүд өнгөрөх тусам чи бид 2 бие биеэ мэдэж таних, зан зангаа авалцаж ойлголцох нь улам их болж байна даа. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ маань зүгээр л нэг харилцаа байсан бол одоо жинхэнэ чөтгөр авсан бурхадын тоглоом болж хувирч байгааг чи минь мэдэж байна уу? Чи бид 2 бие биеэ мэддэг болоод 10 гаруй жилийг ардаа үдэж байна. Чамтай би жаахан 10 жилийн охин байхад чинь танилцаж байсан даа. Тэрнээс хойш чиний анхны эр хүн, анхны хайр, бас анхны ажил гээд л... бүгдэд нь би байж л байсан. Гэхдээ миний том алдаа бол чамайг надад сайн байсныг мэдсэн ч өөрийн баримталдаг балай дүрмүүдэд баригдаад алдааны жагсаалтыг ар араас гаргасаар, одоо ч гаргасаар л явна. Гэхдээ чи бид 2 өөр хүний хажууд байхдаа өөрөөрөө биш өөр нэг дүрд тоглож, харин хамтдаа байхдаа л өөрийнхөө жинхэнэ дүр төрхөөр байдаг нэг ижил том дутагдалтай гэдгээ мэдэх үү?

Чи хуучин нөхөртэйгөө байхдаа, би эхнэртэйгээ байхдаа тэдэндээ итгэж ярьдаггүй гомдол шаналал, баяр хөөрөө зөвхөн хоорондоо хуваалцдаг байсныг чи анзаарсан уу? Чамайгаа жаахан халамцах үедээ "би чамайг гэр бүлтэй болтол чинь намайг анзаарч харах болов уу гэж хүлээсэн шүү" гэж гомдоллох тоолонд чинь би дотроо толгойгоо нэг сайн шаагаад авмаар санагддагийг чи мэдэх үү?

Магадгүй чиний бүтэлгүй гэрлэлтэнд чинь бас л би буруутай. Танай найзууд нөхрийг чинь сайн хүн биш гэж зүтгэж байхад би л ганцаараа, "зоригтой эцсийг нь үз" гэж хэлсэн... Ингэснээрээ чамайг гэр бүлийн бүтэлгүй амьдралын золиос, хууралт, хардалтын шаналал, арчаагүй нөхөр, нялх хүүхэд гэсэн дараа дараалсан ачааг нуруун дээр чинь тавьж өгчээ... Би танай нөхөртэй анх танилцахдаа надад таалагдаагүй ч харамлах сэтгэлээс гарсан бяцхан атаархал гэж бодоод тоогоогүй юм... Тэр л үед чамайг "хэрэггүй жаахан хүлээ... ...Наад нөхөр чинь хань болохгүй шалихгүй амьтан байна" гээд хэлчихсэн бол чи миний үгийг дагах л байсан даа... Намайг гэр бүлтэй болсон, тэр байтугай хүүтэй болсон гэхэд чамд хичнээн том цохилт болсныг би одоо л ойлгож байна. Одоо ч би энэ балай амьдралын дүрмүүдээ баримталсаар л явна. Тиим болохоороо л чамтай ч, гэр бүлтэйгээ ч хамтдаа байна. Алийг нь ч сонгоогүй ч, алийг нь ч алдахгүйг хичээж байна. Бас нэг миний том айдсыг мэдэх үү? Миний хувьд чи ч тэр, гэр бүл минь ч тэр аль нэг нь байхгүй болоход би хэн ч биш болж хувирна. Гэр бүлдээ хүлээсэн үүргээ сайн биелүүлэх, хүүдээ хамгаас сайн эцэг байх, бас чиний хуучны сайн найз, одооны сайн амраг чинь байх гэдэг миний хувьд энэ амьдралын утга... Өөр зүйл хэрэггүй... энэ бүхний төлөө би бурхан байсан ч дайн зарлаж, чөтгөр байсан ч шүтэн биширч чадна. Миний хувьд гэр бүлийн аз жаргал гэдэг- гэртээ хариад хичнээн ядарч байсан ч хүүгээ эрхлүүлэн, түүнийхээ төлөө хэрэгтэй гэсэн бүгдийг хийх, харин өөрийн сэтгэл зүрхний аз жаргал минь- чамтайгаа хамтдаа суугаад хуучны хөгжилтэй амьдралаа дурсан хөхрөлдөж, чамайгаа энхрийлэн эрхлүүлэх юм шүү..."

Бэлтгэсэн Д.Мигаа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top