”Хатан Туул”-ын бургасыг хайр гамгүй хяджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 27

Нийслэлчүүд болон Монголчууд бидний цөөхөн цэвэр усны ундаргуудын нэг "Хатан Туул" гол өдрөөс өдөрт ширгэж, бохирдож амь тавьж байна. Гэтэл энэ талаар төр засгаас дорвитой анхаарал хандуулалгүй өнөөдрийг хүргэсэн. Туул голын бургасыг хайр найргүй хядаж сүйтгэж байгаа талаар иргэдийн мэдээллийн дагуу Гачууртын "Хар усан тохой"-г зорилоо. 

Хүнд даацын тэрэг хийгээд ухагч трактор, ачигч машинууд болон усны шахуурга гэх мэт техникууд тэнд ажиллаж байх юм. Ямар ажлаар, юу хийж байгаа талаар асуухад тийм учиртай, ийм ажил гээд хэлчих нэг ч хүн байсангүй. Бүгд л мэдэхгүй гэсэн мянган үгийн таглаа хэлж байв.

Сүүлийн жилүүдэд Туул голын урсцыг нэмэгдүүлэх талаар дээгүүр яригдаад өнгөрсөн тэр ажил нь юм болов уу гэж битүүхэн бодлоо. Ямартай ч учир байдлыг газар дээр нь хараад хужрыг нь тунгааж чадалгүй буцлаа. Ойролцоо амьдардаг иргэдээс лавлахад "Туул голын урсцыг сайжруулахаар Япончууд худаг өрөмдөж байгаа гэсэн" гэх юм. Энэ талаар нийслэлийн удирдлагууд болон харъяа холбогдох газраас нь асуумаар байна.

Хамгийн муухай нь тэр бүсийн ойр орчмын ихэнх бургас, улиас, шинэс, бутыг хөрөөгөөр тайрч унагаасан харагдана. Мөн Туул голын эрэг дээр гүн гээчийн нүх ухаж орхиж. Тэр нүх нь усаар дүүрэн дотор нь юу байгаа нь үл мэдэгдэх булингартай харагдсан. Хотын удирдлагууд, холбогдох яам тамгын газар энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол "Хатан Туул" минь хатсан тууль болох нь байна.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top