БШУ-ны яамнаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа бага насны хүүхдэд зориулсан “Хүүхэд харах шинэ үйлчилгээ” нэвтрүүлэх гэж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр 15.00 цагаас “Багшийн хөгжлийн ордон”-д нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна.
Монгол Улсын Засгийн газраас ирэх жилүүдэд цэцэрлэгийн тоо, хүчин чадлын хэмжээг эрс нэмэгдүүлж, сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэгийн тогтолцоог улам бэхжүүлэхийн зэрэгцээ цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч үйлчилж чадах үйлчилгээний шинэ арга зам болох “хүүхэд харах үйлчилгээ”-г нэвтрүүлэхээр судалж байгаа. Хүүхэд харах үйлчилгээ нь хоёр наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг асрах, хамгаалах, тоглуулах, хөгжүүлэх үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ байх юм байна. Хүүхдийг эрүүл, аюулгүй, найдвартай харж, асарч, хамгаалж, хөгжүүлэх шаардлагыг хангаж, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ явуулахыг зөвшөөрч байгаа тохиолдолд иргэн аж, ахуйн нэгж хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болох юм байна. Нөхцөл шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид хүүхэд харах үйлчилгээ эрхлэх эрхийг ажлын 1-5 хоногт багтаан чирэгдэлгүйгээр, нэг цэгээс олгоно. Харин эрх авахад эцэг эхээс зөвшөөрөл авах, үйлчилгээнд байнгын хяналт тавих, үйлчилгээг зогсоох хүртэл бүх эрхийг хуулиар эцэг эхэд олгох аж. Иймд хүүхэд харах шинэ үйлчилгээний хуулийн төсөл, зохицуулалтын журмыг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагуудаар хэлэлцүүлж, хянан эцэслэж, шийдвэрлүүлэх юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )