Нэг эмнэлэгт жилд дунджаар 100 орчим хүн цус харвалтаар нас бардаг

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Өнөөдөр дэлхий нийтээр “Тархинд цус харвах” өвчинтэй тэмцэх өдөр ажээ. Иймд Монголын харвалт судлалын нийгэмлэг, ДЭМБ, ЭМЯ, Улсын клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна.

Манай улсад тархинд цус харвах өвчин жилээс жилд нэмэгдэж байгаа. Ялангуяа энэ өвчин залуужиж, тэдний хөдөлмөрийн чадвар алдагдаж байгааг эмч мэргэжилтнүүд онцолсон. Харвалтаар дэлхийд 6 секунд тутамд нэг хүн харваж, 6 хүний нэг нь энэ өвчнөөр өвчилж байдаг байна. Манай улс эрс тэс цаг уур, хүнд хоолтой тул энэ өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг ажээ. 2008 оны ДЭМБ-аас манай улс харвалтын өвчлөлөөр өндөр орны тоонд багтаж байна гэсэн мэдээллийг өгчээ. Тухайлбал, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг болоод Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлгийн нэгд нь л гэхэд жилд дунджаар 100 орчим хүн цус харвалтын улмаас амь насаа алдаж байна гэсэн судалгаа гарчээ. Монголын харвалт судлалын нийгэмлэг 2009 онд байгуулагдсан бөгөөд Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас санхүүждэг байна. Түүнчлэн, Дэлхийн харвалтын байгууллагаас энэ өвчинтэй тэмцсэн байдлаараа Израиль, Бразилийн дараа гуравдугаарт жагсаж, шагнал гарджээ.

 Цус харвалт нь суурь өвчин, амьдралын буруу хэв маягаас шалтгаалж бий болдог байна. Тухайлбал, хэт их давсны хэрэглээ, архи, тамхи, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэргээс шалтгаалдаг. Харин энэхүү эрсдлээс сэргийлэхэд амьдралын зөв хэв маягтай болох хэрэгтэй ажээ.

Гадаадын улс орнууд харвалтыг төгс эмчлэх “Харвалтын нэгж төв”-ийг байгуулсаар байгааг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Энэхүү төв нь судасны бөглөрлийг хайлуулах эмчилгээ хийдэг аж. Харин манай улс дэлхийн жишгээр Мянганы сорилтын санхүүжилтээр гуравдугаар эмнэлэгт “Харвалтын нэгж төв” байгуулах гэж байгаа ч энэ нь хүрэлцээгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байлаа.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top