Нийтийн дууны ханхүү хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нар уран бүтээлээсээ хөндийрөөд байгаа. Хөдөөний дуучид гэж хэлэгдсэн ч өөрийн гэсэн сонсогчтой болсон тэднийг фэнүүд нь уран бүтээлээ чөлөөт цагаараа хийх болсонд нь ихэд харамсдаг юм билээ. Гэхдээ тэд хувийн уран бүтээл хийхээсээ илүү залгамж үеэ гаргахаар ажиллаж байна. С.Жавхлангийн хувьд нутгийн дүү залуу уран бүтээлч Э.Анхбаяр, Ноён Бондгор нарыг бэлтгэж байгаа бол айлын эзэгтэй болж олны хараанд өртөхөөс эмээсэн Т.Баясгалан СУИС-д сурдаг Эрмүүн хэмээх бүсгүйг шавиа болгосон гэнэ. Тэгвэл Д.Хишигбаяр саяхан “Гүйгүүл морин” дуугаараа тоглолт хийсэн А.Хосбаярыг олны сонорт хүрсэн дуутай болгохоор жилийн өмнөөс энэ ажилдаа ханцуй шамлан орсон. Түүнчлэн гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнийг Д.Намсрайноровын арын хаалгач гэдгийг уншигч та мэдэх биз ээ. Тэгвэл дээхнэ “Миний гол өрсөлдөгч ДБЭЧ-ын гоцлол дуучин Ө.Уянга. Бусад нь миний хоолойны цард хүрэхгүй” хэмээн хэлж байсан дуучин Г.Эрдэнэтунгалаг бас нэгэн залуу уран бүтээлчийг нийтийн дуугаар “өвчлүүлэхээр” бэлтгэл ажилдаа оржээ. Энэ мэтчилэн нийтийн дуучид өөрсдийгөө өтөлсөн мэт бодсон бололтой алтан урлагийн луухгарууд шиг шавь бэлтгэдэг болжээ.
У.Бодол
Сэтгэгдэл ( 0 )