Өнөөдөр Авилгатай тэмцэх газар энэ онд хийж гүйцэтгэсэн болон хийж буй ажлаа тайлагналаа.
Тухайлбал, энэ онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас АТГ-т 710 гомдол иржээ.
Гэмт хэргийн шинжтэй 301 гомдол ирсэн байна
Үүний 301 нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд 59 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн бол 133-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан, 103 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, 17 гомдол үлдэж 94,3 хувийг нь шийдвэрлэжээ. Шийдвэрлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг 23 хувиар өсч, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан гомдол 25 хувиар буурчээ.
151 хэрэгт эрүүгийн мөрдөн байцаалт явуулжээ
Харин 151 хэрэгт эрүүгийн мөрдөн байцаалт явуулснаас албан тушаалын эрх мэдлээ урвуулсан 60, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн 29, төрийн бус байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан 16, хэтрүүлсэн 6, хээл хахууль авсан 35, хээл хахууль өгсөн 6, хээл хахуульд зуучилсан 8, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан 9, бусад төрлийн 96 хэрэг байжээ. Эдгээрийн 37 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 29 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 24 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 19 хэргийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэн, 3 эрүүгийн хэргийг түдгэлзүүлжээ. Ингэснээр 39 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаа юм байна.
Мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 38 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3,1 тэрбумыг мөрдөн байцаалтын шатанд барагдуулж, 3,9 тэрбумын эд зүйлийг битүүмжилжээ.
Түүнчлэн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажиллагаанд 46 мянга орчим албан тушаалтан мэдүүлэг гаргахаас 96 нь өгөөгүй тул 99,79 хувийн биелэлттэй бүртгэлээ дуусгажээ. Одоогоор 5335 албан тушаалтны мэдүүлэгт хяналт тавьж холбогдох арга хэмжээ авах, үр дүнг тайлагнах, дүгнэлт гаргаж албан шаардлага, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулах, хууль журам зөрчсөн бол хариуцлага тооцуулах арга хэмжээ авч ажиллаж байгаа гэв.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )