Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгөх ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР болгон тэмдэглэсээр гурав дахь жилдээ болж байна. Өгөх өдөр хөдөлгөөн ТББ- ынхан эхний жил хүнд өвчинд нэрвэгдсэн Э. Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй төсөл боловсруулан амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд Монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж чадсан юм. БНСУ-ын Сөүл хотын Ионсэй эмнэлэгт зургаан сарын турш эмчлүүлж охин бүрэн эдгэрсэн билээ.
Өнгөрсөн онд 25-р тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд том оврын автобусыг худалдаж авах аян өрнүүлэн, Hyundai County автобус 20 сая төгрөгөөр худалдан авч өгсөн. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульдаа байнга хамрагдах боломжтой болгосон байна.
Харин энэ жилийн Өгөх Өдрийн хүрээнд АНУ-ын нэрт зохиолч Шел Силверстайны “Өглөгч Мод” номыг албан ёсоор орчуулан, хүүхэд залуучуудын хүртээл болгохыг зорьж байна. Энэхүү ном нь дэлхийн 30 гаруй орнуудад орчуулагдсан. Үндэсний Боловсролын Холбооны 2007 онд хийсэн онлайн санал асуулгаар “Хүүхдэд зориулсан 100 шилдэг ном”-ын нэгээр нэрлэгдсэн бол 2012 онд Сургуулийн номын сангуудын сэтгүүлээс явуулсан судалгаагаар “Зурагтай шилдэг 100 ном”-ын нэгээр шалгарсан байна. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй билээ.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 1 )
сайхан үйлсийн цаана саар санаа байдаг