Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийн анхны уран бүтээл “Үүлэн домог” дуугаараа сонсогч таны сонорыг мялаах гэж байна. Энэ дуугаа тэрээр өөрийн 10 дахь бие даасан шинэ цомгийн нээлт, эхлэл болгон өнөөдөр зөвхөн өөрийн “Facebook” дэх албан ёсны хуудсаараа дамжуулан цацах гэж байгаа юм. Үргэлж шинийг санаачилж, сонсогч фэнүүдээ гайхшруулж байдаг тэрбээр энэ удаад ч гэсэн үүнийгээ мартсангүй. “Үүлэн домог” дуу нь монгол поп урсгалыг хип хоп урлагтай хослуулснаараа бусад уран бүтээлээс онцлог болж байна. Уг дууны аялгууг дуучин Д.Болд өөрөө зохиосон бол шүлгийг сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн бичжээ.
Хамгийн сонирхолтой нь энэхүү дуугаа тэрээр сүүлийн үед содон хэмнэл, үглэлтээрээ залуусын анхаарлыг татах болсон реппер Rokit Bay-тэй хамтран дуулсан байна. Энэ дуунаас сонсогчид монгол поп хөг аялгуу хип хоп хэмнэлтэй хэрхэн зохицохыг мэдрэх гэнэ. Тус дууны клипийг “V” студийн уран бүтээлчид тэр бүр үзэж хараад байдаггүй зураглал, хийцтэйгээр бүтээсэн нь тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Харин дуучин Д.Болд энэ удаад клипэндээ ямар имиж бүрдүүлж гэнэтийн бэлэг барих гэж байгаа талаар багахан хэсгийг нь “Youtube” цахим хуудаснаа тавигдсан трейлэр задалсан байгаа.
Энэ дашрамд, уг дууны клипийг үзэгчдэд хүргэсний дараа Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын шүлгээр бүтээсэн “Намрын тухай бодол” дуугаа сонсогч фэнүүдийнхээ сонорыг мялаахаар зэхээд байгаа гэсэн. Алтан шаргал намрын тухай дуулах энэхүү дууны клипийг мөн “V” студийнхэн бүтээж байна. Харин яг одоогоор Д.Болд “Монгол поп-2” цомогтоо багтаж буй дараагийн уран бүтээл “Монгол түмэн” дуундаа клипмейкэрүүдийн шилдэг “Hero” энтертайнментад зураг авалтандаа ороод завгүй явна.
"Үүлэн домог" дууны трейлэр:
Дуучин Д.Болдын “Facebook” дэх албан ёсны хуудас: http://www.facebook.com/BOLDcamerton
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )