“Дээд боловсролын чанар олон улсын магадлан итгэмжлэл” сэдэвт уулзалт, семинарm хувийн болон төрийн их дээд сургуулиудын багш нар оролцож өндөрлөлөө.
Уулзалтыг БШУЯ болон СЭЗДС хамтран зохион байгуулжээ. Одоогоор манай улсаас СЭЗДС Олон улсын магадлан итгэмжлэл авсан байдаг. Харин ЭМШУИС магадлан итгэмжлэгдэхээр боловсролын хөтөлбөрөө боловсруулж байгаа ажээ. Уулзалтын үеэр Олон улсын магадлан итгэмжлэлийнхээ тоог ахин 10-аар нэмэгдүүлэх бодлого барьж ажиллахаа яамны зүгээс онцлоод байсан. Үүнтэй холбогдуулан зарим их дээд сургуулиуд ч хөтөлбөр боловсруулж байгаа гэлээ. Ингээд уулзалтын үеэр БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбуянгаас дотоодын боловсролын чанар, бодлогын талаар тодрууллаа.
-Дотоодын боловсролын чанар дэлхийн жишигтэй харьцуулбал ямар түвшинд байна вэ?
-Дотоодын их, дээд боловсролын түвшин нэг үеийг давж байна хэмээн үзэж байгаа. Тухайлбал, их дээд сургуулиуд олноор бий болж, чанартай, чанаргүй олон мэргэжлээр сургаж, төгсгөдөг байсан цаг саяхан. Харин өдгөө олон улсын хэмжээнд итгэмжлэгдсэн хөтөлбөр бүхий сургуулиудтай болохыг бодлогын хүрээнд дэмжиж, хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Тодруулбал, сургуулиуд нэг мэргэжилд төвлөрч мэргэшүүлж эхлээд байгаа. Энэ бол боловсролын салбарын хувьд хөгжил. Магадлан итгэмжлэл авах нээлттэй ч итгэмжлэлийн тогтолцоо зөв болж байж дээд боловсролын чанарт нөлөөлж эхэлдэг.
-Олон улсын чанарын итгэмжлэлтэй болсоноор ямар ямар давуу талтай вэ?
-Нийгэм боловсролын чанарыг хүлээж байсан. Чанартай дээд боловсролыг бий болгоход элсэлт болоод өсөлтийн асуудал чухал юм. Элсэлтэнд тодорхой хэмжээнд шалгуур тавьж, мэргэжлийн хүмүүсийг төгсгөж чаддаг байх ёстой. Цаашлаад компани, байгууллага нь мэргэжлийн ажилчдаа дэмжиж ажиллана гэсэн бодлоготой байж жинхэнэ мэргэшсэн хүний нөөц бүрдэх юм. Төгсөөд ажлын байр нь баталгаатай, юу хийх, ямар шаардлага тавих, яаж ажиллавал өсөж хөгжих нь тодорхой байвал ажил олгогчийн бодлого зөв хэрэгжиж, дээд боловсролын чанар өсөх боломжтой. Өдгөө их дээд сургууль төгсөгчдийн 30-40 хувь нь ажилтай, 60 орчим хувь нь буюу 15 мянга нь ажилгүй үлддэг гэсэн судалгаа бий. Иймд төгсөгчдийг олон улсад итгэмжлэгдсэн чанартай боловсролоор дамжуулан баталгаат ажлын байраар хангах нь яамны хувьд бодлого болон хэрэгжээд явж байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )