Монгол улс Юнескод элссэний 50 жил, дэлхийн өвийн конвенцийн 40 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Тодруулбал, 1962 оны 11-р сарын 1-нд Монгол улсын Засгийн газрын төлөөлөгч Юнескогийн дүрэмд гарын үсэг зурснаар 108 дахь бүрэн эрхт гишүүн улс болсон түүхтэй. Энэ цагаас хойш Юнеско-гийн таван ерөнхий захирал манай улсад айлчилсан байна. Мөн нийт 10 конвенцид нэгдэн олон тогтоол, зөвлөмжийн төслийг хэлэлцэн батлуулах, хурлын баримт бичиг тусгуулах ажлыг гүйцэтгэжээ.
Юнеско нь 1946 онд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх замаар үндэстэн хоорондын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох, энх тайвныг тогтоох зорилгоор байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Энэ зорилгынхоо хүрээнд манай улсад 1967 онд Политехникийн коллеж буюу ШУТИС, 2011 онд МҮОНРТ-ийн 2-р сувгийг нээхэд санхүүжүүлж, дэмжсэн. Түүнчлэн, үндэсний морин хуур чуулгын тоглолт, Монгол дээлний загварын үзүүлбэрүүдийг Юнеско-гийн төв байранд зохион байгуулсан төдийгүй үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих зорилгоор “Чөлөөт хэвлэл ба нийгмийн өөрчлөлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг оюутнуудын дунд, “Глоб интернэшнл” ТББ-тай хамтран шүүгчдэд сургалт зохион байгуулсан байдаг. Мөн өнгөрсөн наймдугаар сард Зүүн азийн хүүхдийн урлагийн наадам, Зүүн хойд Азийн Юнеско-гийн Үндэсний комиссуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын 12-р уулзалтыг зохион байгуулсан бол энэ онд усны асуудалд анхааран олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх төсөл хөтөлбөр боловсруулан 12-р сард “Усны хүч-2012” оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах гэж байгаа аж.Тус төрөлжсөн байгууллага зорилгынхоо хүрээнд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хамтран ажилласаар байна гэдгийг онцлоод байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )