ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн урилгаар Турк улсын Жандармерийн Ерөнхий командлагч Бекир Калёнжу айлчилж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 13

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Б.Билэгтийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн Ерөнхий командлагч, хурандаа генерал Бекир Калёнжу манай улсад албан айлчлал хийж байна.

Айлчлалын үед Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Б.Билэгт,  Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн Ерөнхий командлагч, хурандаа генерал Бекир Калёнжу нар хамтын ажиллагааны талаар ажлын уулзалт хийж, харилцан туршлага солилцох талаар ярилцаж “Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн Ерөнхий командлал хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Мөн “Монгол Улсын Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн Ерөнхий командлал хоорондын сургалт бэлтгэлийн чиглэлээр хамтын ажиллагааны протокол”-д Монгол Улсын Засгийн Газрыг төлөөлж, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, БНТУ-ын Засгийн Газрыг төлөөлж  Жандармерийн Ерөнхий командлалын Ерөнхий төлөвлөлт, бодлогын газрын дарга, бригадын генерал Гюрай Алпар нар гарын үсэг зурав.

Уулзалт, ёслолын ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Мустафа Сарныч болон албаны бусад хүн оролцлоо.

БНТУ-ын Жандармерийн төлөөлөгчид Монгол Улсын Хууль зүйн сайдад бараалхаж, хоёр орны дотоодын цэрэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар уулзаж ярилцана.

Зочид Өвөрхангай аймагт очиж Монгол, Түрэгийн түүх, дурсгалын газраар аялж Билэг хаан, Культегин жанжны дурсгалын хөшөө, Эрдэнэзуу хийдийг үзэж сонирхоно.

Манай улсын Дотоодын цэрэг нь 2011 онд Турк улсын Жандармерийн санаачлагаар байгуулагдсан Евро Азийн холбоо /Avrasia/-нд  гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцож байна.

 

ЦЕГ-ЫН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top