Европын холбооны “Шувууны томуу, хүний томуутай тэмцэх сан”-гийн зохицуулагч Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу Монгол улсад шинээр болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэхэд буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр TF013110 тоот буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банк гарын үсэг зурснаар шувууны томуу, бруцеллёз, бэтэг, боом болон Крим конгын цусархаг халуурал зэрэг зооноз өвчний бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхийг үндэсний хэмжээнд бэхжүүлэх зорилготой “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл” хэрэгжиж эхлэв.
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдэд тавигддаг шаардлагын (OP 4.01, January 1999) дагуу “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан гаргалаа. Тус төлөвлөгөөнд дээрх төслийг хэрэгжүүлэх хугацаанд байгаль орчинд учирч болох эрсдэлүүдийг тооцож, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нарийвчлан төлөвлөсөн болно. Иймээс энэхүү төсөл нь байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулах эрсдэлгүй болно.
Төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь хор уршгийг бууруулах болон хяналт-шинжилгээний төлөвлөгөөнүүдээс бүрдэнэ. Үүнд: (i) лабораторийн болон эмнэлгийн халдвартай материалуудыг булж устгах, (ii) лабораторийн аюулгүй байдал, хог хаягдлын менежмент, (iii) бүсийн эмнэлэгүүдэд тусгаарлах өрөөнүүдийг гаргаж, хүрээлэн буй орчинд учрах эрсдэлийг бууруулах, (iv) амьтны сэг зэм, хог хаягдлыг устгах (шаардлагатай үед), эдгээр үйл ажиллагааны явцад тулгарч буй ололттой болон дутагдалтай талуудыг илрүүлэх зорилгоор хяналт тавих.
Төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн эхээр төслийн хаягаар хандан авч болох буюу http://share.gogo.mn/4rJ0vZNLv819311352948265/EMP updated.pdf хаягаас татаж авч болно. Илүү дэлгэрэнгүйг дараах хаягаар төслийн багаас авна уу.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )