Хотын удирдлагууд “Нарантуул”-ыг онилов

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

Хотын Засаг дарга Э.Бат-Үүл захуудыг нүүлгэж, оронд нь томоохон хотуудад байдаг шиг худалдааны төв барихаар төлөвлөжээ. Ингэснээр олон давуу тал бий болно гэдгийг олж харсан аж. Тухайлбал, замын хөдөлгөөний ачаалал багасах, иргэд тав тухтай орчинд худалдаа эрхлэх, үйлчлүүлэх, нийслэлийн хүн амын нягтралыг сийрүүлэх ач холбогдолтой аж.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн худалдааны захуудаас «Нарантуул» худалдааны төвийн асуудал нэлээд анхаарал татаж байна. Хотын дарга тус захыг «Байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл, өнгө үзэмжгүй, иргэдэд соёлтой, боловсон үйлчилгээ үзүүлэх наад захын энгийн шаардлага хангаагүй.

Мөн нийслэлийн өмчит талбайг эзэмшиж, үйл ажиллагаа эрхэлдэг хэрнээ татварын орлого бүрдүүлэлт хангалтгүй» гэж үзжээ. Гэтэл «Нарантуул» үйл ажиллагаа явуулах чиглэлээр нийслэлийн өмнөх удирдлагатай 20 жилийн гэрээг байгуулсан байдаг аж. Харин хотын шинэ Удирдлагууд эл асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс «Нарантуул» захыг нүүлгэж, түүний оронд орчин үеийн стандартын шаардлага хангасан худалдааны төв барихаар төлөвлөжээ.

Мөн нийслэлийн өмчит талбайг ашигласны төлбөр, татвараа цаг хугацаанд нь төлж, захын тохижилтод анхаарах шаардлагыг удирдлагуудад нь хүргүүлжээ. Түүнчлэн иргэдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх хэрэгтэйг сануулсан байна. Хэрвээ «Нарантуул» захын удирдлагууд дээрх шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг ч хотын дарга мэдэгдсэн. Ямартай ч захуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний эхний ээлжинд «Нарантуул» худалдааны төв багтсан бололтой. 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top