Хайрын аялгуунд мансууруулах үдэш болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 16

СТА Н.Төмөрхуягийн “Насны намар”, “Зүрхний уяа”, СТА Л.Болдбаатарын “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, МУГЖ С.Жавхлангийн “Ээжийн чанасан цай”, “Монгол омогшил”, “Хуарангийн шөнө”, “Зүүдэн бороо” зэрэг дуу олны чихэнд хэдийнэ танил болж хэн дуулсныг нь сонсогчид андахгүй биз ээ. Харин дууны үг, хөгжмийг хэн зохиосныг төдийлөн анзаардаггүй сул тал манай сонсогчдын дунд ажиглагддаг. 15 настайдаа “Зүүдэн бороо” дуугаа зохиож, тэртээ олон жилийн дараа “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаа олны хүртээл болгосон хөгжмийн зохиолч Б.Магсаржав энэ сарын 22,24-нд “Хайранд мансуурсан аялгуу” тоглолтоороо дамжуулан олны сонсох дуртай олон дуугаа нэг дороос дуунд дуртай Монголчууддаа хүргэхээр болжээ. Тоглолтыг МУГЖ С.Жавхлан зохион байгуулж, найруулж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ олон дуу нь олны танил болсон ч өөрөө танигддаггүй уран бүтээлчдээ дэмжихийг уриалаад байв. Тоглолтын нэрийг тайлбарлахдаа “Хүмүүс архиар тамхиар, сөрөг мэдээллээр мансуурч байна. Харин энэ үдэш хайрын аялгуунд мансууруулна” хэмээн тоглолтын нэрээ өгсөн гэв.

Тоглолтод УГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, Г.Батбаяр, Б.Сийлэгмаа, СТА Н.Төмөрхуяг, С.Жавхлан, Л.Болдбаатар, Б.Энхмэнд, А.Түмэн-Өлзий нар оролцон олны танил болсон ая дуугаа өргөх юм байна. Түүнчлэн яруу найрагч АУЗ Б.Лхагвасүрэн, СГЗ Ш.Дулмаа, Ш.Гүрбазар, Улсын филармоны найрал хөгжимчид, БЦДБЧуулгын бүжигчид зэрэг хамтлаг, дуучид уран бүтээлээ толилуулахаар болжээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top