Сэтгэгдлийн талбар - сурталчилгааны самбар биш

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

Сүүлийн жилүүдэд манай оронд цахим сэтгүүл зүйн салбар хурдтай хөгжин, ард иргэд өөрийн оронд болон дэлхий дахинд болж буй үйл явдлын тухай мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авч чаддаг боллоо. Өдөрт хэдэн арван мянган хүн цахим сайтууд руу нэвтрэн, өөрсдийн хүссэн мэдээллээ нийгэм, улс төр, бизнес, энтертайнмент чиглэлээр сонирхон уншиж, сонсож, үзэж ,танилцаж байна.

Цахим сэтгүүл зүйн бас нэг давуу тал нь тухайн сэдвийн агуулгатай холбоотой санал сэтгэгдлээ бичиж болдог бичил талбар ажиллуулан, уншигч өөрийн хариу үйлдлээ тэр дор нь илэрхийлэх боломж олгодогт оршино. Соёлтой зөв хэрэглэж чадвал энэхүү сэтгэгдлийн талбар шиг ардчилсан зүйл үгүй мэт. Тухайн сэдэвтэй холбоотойгоор өөрт төрж буй санал сэтгэгдэл, үзэл бодлоо хэн ч чөлөөтэй илэрхийлж болно.

Харин илэрхийлэхдээ ашиглаж буй үг хэллэгүүд зарим тохиолдолд үнэхээр бүдүүлэг өнгө аястай, хараалын элдэв үгс хэрэглэсэн байдаг нь эмзэглэл төрмөөр. Ялангуяа сонгуулийн үеэр бүр даамжран, нам эвслээрээ талцан, нэг нэгнээ гутаан доромжлох хар пиарын талбар болгон ашиглаж байгаа нь үнэхээр харамсалтай. Тухайн сэдэвтэй огтхон ч хамаагүй зүйлсийг сэтгэгдэл бичих талбарт байршуулан уншигчдын эгдүүцлийг төрүүлэн бухимдуулж байна.

 “Хөлсний коммент бичигчид” гэсэн сонин нэр томьёо сүүлийн үед сонсогдох болсон. Хэр үнэний ортойг ёстой бүү мэд. Үнэхээр тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг юм уу, эсвэл зүгээр л сэтгэл зүрх, үзэл бодлынхоо дуудлагаар тэгж “синдромтдог” юм уу, зарим үед арай ч дээ гэмээр бие биенээ дайрч доромжилсон зүйлс харагдах болжээ. Зүгээр нэг ажил амьдралынх нь талаар бичихгүй, бүр өндөр нам, тарган туранхай гээд анатоми физиологи талаас нь дайраад байхыг яана. Их эзэн Чингис хааны үеэс уламжлан ирсэн төрт ёсоо дээдлэх, хууль журмаа эрхэмлэх явдал бүр байхгүй болсон байна. Эцэг эхчүүд нь улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдаа элдэв муу үгээр гутаан доромжлоод байхаар, үр хүүхдүүд наад зах нь ерөнхий боловсролын сургуулийн багш нараа хүндлэн, үг сургаалыг нь хүлээн авах юу л бол...

Энэ өнцгөөс нь харвал, зарим хүмүүс хүний эрх, эрх чөлөө гэдгийг арай өөрөөр ойлгоод байгаа бололтой. Хэнийг ч, ямар ч хамаагүй үгээр гүтгэн гүжирдэж, гутаан доромжилж болноо гэж. Кейбордны араас хэн “солиорч” байгааг хэн ч мэдэхгүй гэж боддог юм шиг байгаан зарим нь.

Шууд бичсэн IP нь сэтгэгдлийн талбарт ил харагддаг сайтууд дээр арай даруулгатай, бодвол ичдэг байлгүй, харин IP харагддаггүй сайтууд дээр ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэдэг шиг юм болно доо, админ самбар дээрээс IP-г нь харахад ганц нөхөр л өчнөөн олон хар пиарыг мэдээ болгоны доорх сэтгэгдлийн талбарт хэдэн арваар нь овоолоод хаячих жишээтэй.

Бас нэг, сэтгэгдлийн талбарт “шавар” болж байгаа зүйл бол юм зарах, худалдах зарлал. Бэлээхэн unegui.mn-ээс авахуулаад өчнөөн олон үнэгүй зарын сайтууд байхад яагаад ч хаа хамаагүй мэдээ болгоны дор тавиад байдаг юм, бүү мэд.

Жишээ нь, нэг булган шубаны зар байна, намаржингаа, саяхан хүртэл тавигдаж байсан, ямар сайндаа нэг уншигч “хөөш, наад булган шуба чинь одоо хүртэл зарагдаагүй байгаа юм уу” гэж эгдүүцэж байхав дээ. Байршлаа олоогүй ямар ч зүйл шог санагддагийн адилаар булган биш, тарваган шуба шиг сэтгэгдэл төрүүлээд байгаам чинь.

Тэр сонгуулийн хар пиарууд ч ялгаагүй, яг л гүтгэлэг, гүжирдлэг юм шиг харагдаад байгаа юм. Иймд сэтгэгдлийн талбараа зориулалтаар нь, зөв соёлтой ашиглаж сурцгаая, бүгдээрээ.

 Д.Мягмарсүрэн    

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top