Хошин урлаг загварын тайз биш

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Хошин урлагийг боловсрол дорой хүмүүст зориулагдсан мэтээр янз бүрээр ярьцгаадаг. Харин ч сонгодог урлагийн тоглолтыг ойлгоогүй хэрнээ их л догь царайлан суугчаас инээд бэлэглэсэн тоглолт үзэж элгээ хөштөл инээх нь хавьгүй дээр мэт санагдана.

Урлагаар дамжуулж хүнийг инээлгэнэ гэдэг уярааж уйлуулахаас хэцүү гэдэг. 1980-аад оны сүүлээр хүчтэй түрэн орж ирж эрчимтэй хөгжсөн урлагийн салбар бол хошин урлаг. Сүүлийн үед энэ урлагт хүчин зүтгэх продакшнуудын тоо ч олширсоор байгаа. 

Өнгөрөгч бямба гаригт Соёлын төв өргөөнд орой бүр тоглогдож буй “Шинэ үе” продакшны “Миний хайртын инээмсэглэл” тоглолтыг үзлээ. 21 цагт эхлэх байсан тоглолт нэг цагаар хоцорч эхлэв. Манайхны цаг барьдаг уламжлалт заншлаар 19 цагийн тоглолт цагтаа эхлээгүй учраас ийнхүү дараагийн тоглолт хойшлогдсон нь илт. Үүдэнд удтал хүлээсэн үзэгчид оруулаач гэж билет таслагч нарыг шавдуулж бухимдацгааж байлаа. Ингээд хүсэн хүлээсэн тоглолт ч эхлэв. Тус хамтлагийн акул гэгдэх уран бүтээлчид Бооёо, Ундармаа, Лхагвасүрэн нар тоглолтыг ерөнхийд нь авч явдаг. Тэдний жүжиглэлтийн тухайд бол яриад байх юм байхгүй. Олон залуу жүжигчдээр хүрээгээ тэлсэн харагдав. Харин энэ удаагийн тоглолтонд үзэгчдийг хамгийн их инээлгэсэн жүжигчин бол Сөрөлт байлаа. Үеийнхнээсээ ур чадварын хувьд өсөн дэвжиж байгаа гэдгээ илтгэсэн тоглолтыг үзэгчдэд хүргэсэн юм.

“Шинэ үе” бусад продакшнаа бодвол илүү олон эмэгтэй жүжигчидтэй. Залуу үеийнхнээ дэмжиж тайзыг үзэсгэлэнт бүсгүйчүүдээр гоёх нь зүйн хэрэг биз. Гэвч үзэгчдийн хүндлэл хүлээсэн хайртай жүжигчин нь болохын тулд тэдэнд цаг хугацаа, нөр их хөдөлмөр хэрэгтэйгээс гадна жүжигчин хүн дуулж бүжиглэхээс эхлээд бүх талын авьяастай байх ёстой. Эн түрүүнд дуу хоолойгоороо үзэгчидтэй харьцдаг учраас энэ тал дээр анхаармаар санагдана. Олон жил энэ хамтлагт зүтгэж буй Алдармаагийн хувьд сайхан бие хаатай ч жүжиглэх ур чадвар тааруу, дуу хоолой нь чихэнд нийцгүй чахарсан ч гэлцэх нь бий. Хошин урлаг гэдэг жүжигчдийн чансааны шалгуур болохоос загварын тайз биш. Нэр нь үл мэдэгдэх олон балчрууд дундаас зүс гадарлах нь Баярмаа гэх бүсгүй. Бас л нэг хувцасны гол, чахарсан дуут гэж хэлмээр санагдлаа.

Хүнийг шүүмжлэх амархан, юу ч хийгээгүй хүнийг хэн ч шүүмжилдэггүй ч гэдэг. Гэхдээ урлагийн алтан тайз гэдэг хатуу, үзэгчид гэдэг бүр ч хатуу гэдгийг санууштай. 

Н.Цэнгэл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top