Яруу найраг: Их л холын амраг

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Зүүдний гэгээн асарт хос шувууд нисэлдээд

Зүрх сэтгэлийн гүн рүү чиний гэзэг шавхуурдаад

Зөндөө зөндөө ширтсэн амраг хайрынхаа харцыг

Зүс төгс төрсөн таны зүг нисгэв ээ

           Их л холын амраг минь

Тэнгэрийн гэгээн чагтагаас оддыг нь хүлээж суухдаа

Тэр их хайрынхаа эзэн нь болохыг хүсэхдээ

Танхил таны дүрд сэтгэлээ дүрж орхисон хэрнээ

Танайхыг зорьж чадаагүйдээ би өөрийгөө голдог оо

            Их л холын амраг минь

Харцанд нь дулаацах сэтгэлээ намрын төгөлд орхиод

Хачин ихээр ганцаардлаа ч танд дурлаж чадсан болохоор

Хавар ургах цэцэгстэй хамт таныг ирнэ гэж хүлээсэн гэнэн мөрөөдлийг минь

Хатан зүрхэнд минь шингээж дэргэд минь суугаач бүсгүй минь

            Их л холын амраг минь

Хайранд нас хязгааргүйг санаж тэвэрт минь эрхэл янаг минь

Хүсэлд охь байдгийг бодож энгэрт нялхар бүсгүй минь

Надад ирсэн хайрыг минь тоглоом болгохгүйг хичээгээч

Насандаа би танд тэгвэл өртэй гэж бодъё

             Их л холын амраг минь

У.Баярсайхан

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сүүгий(202.131.247.23) 2025 оны 03 сарын 13

Нүдгэн биеийг алдаршуулая гэдэг шүлэг үнэхээр л үнэн үгтэй юмаа

1  |  0
Top