Шүүхийн үүдэнд майхан бариад суухад бэлэн байна гэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Сүүлийн жилүүдэд нийслэлд өрхийн болоод орон сууц, үйлчилгээний зориулалтын газар ховордож, үнэ нь тэнгэрт хадаад байгаа. Үүнээс шалтгаалан мөнгөтэй, эрх мэдэлтэйд нь л газар олддог болоод буй.

Өнөөдөр БЗД-ийн иргэн Б.Отгонбат өрхийн хэрэгцээний газраа өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа талаараа хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийлээ.

Тэрээр хоёр охин, эхнэр, эгч, өмгөөлөгч, БЗД-ийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн дарга нарын хамт ирсэн байлаа. Б.Отгонбат нь БЗД-ийн 14-р сургуулийн урд 0,4 га инженерийн шугам сүлжээнд холбогдсон газарт гэр хороололд амьдардаг байна. Гэтэл уг газраа өмчилж, кадастрт оруулах гэсэн боловч “энэ газар өөр хүний нэр дээр өмчлөгдсөн байна” гэжээ. Иймд тэрээр өөрийн газрын маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд ханджээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс “Б.Отгонбатын газар өмчлөх эрхийг дахин сэргээх хууль зүйн үндэслэлтэй байна” гэж үзжээ. Гэтэл гуравдагч этгээд буюу маргалдагч тал болох иргэн н.Лхагватунгалаг дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргаж, хянуулсан байна.  Ингээд өмнөх шатны шүүхээс олгогдсон эрх үндэслэлгүй байна хэмээн н.Лхагватунгалагийн эрхийг сэргээсэн тогтоол гаргасан аж. Гэтэл н.Лхагватунгалаг нь уг газрыг өмчилж авч байсан гэх баримт байдаггүй юм байна. Үүнээс шалтгаалж иргэн Б.Отгонбатын амьдрах газраа чөлөөтэй сонгох, өмчлөх, шударгаар олж авах эрх нь зөрчигдөөд байгаа гэв. Түүний эгч хэлэхдээ ”Шүүх энэ хүмүүсийн асуудлыг шийдэе, анхааръя гэж бодоогүй. Энэ хэрэг эрхтэн дархтан, цагаан захтнуудын хөшигний ард болдог хуйвалдаануудын нэг болчихсон. Албан тушаалтнуудын нэг нэгэндээ наймаалцдаг би тэгнэ, чи ингэнэ гэсэн барьцаанд л орчихсон газар юм шиг байгаа юм. Миний дүү энэ газар дээрээ есөн жил болсон. Ойр хавийнхан нь үүнийг гэрчилдэг. Гэтэл өмчлөгч болоод байгаа н.Лхагватунгалаг энэ газар дээр нэг ч ирж байгаагүй. Үнэхээр өөрийнх нь газар юм бол айл байгаад байхад шүүхэд хандаж болох байсан” гэж байв. Б.Отгонбат эхнэртэйгээ хоёулаа хэлгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажээ. Хэрэв маргааныг үнэн зөв шийдвэрлэхгүй бол шүүхийн үүдэнд майхан бариад гэр бүлээрээ суухад бэлэн байна гэв.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top