Монгол Улсын батальоны тэргүүний бүлэг нь “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2011оны 7 дугаар сарын 09-ны 1996 дугаар шийдвэр”-ээр Өмнөд Судан Улс дахь энхийг дэмжих UNMISS ажиллагаа нь “НҮБ-ын 7 дугаар мандатаар аюулгүй байдлыг хангахад ажиллагааны газар оронд дэмжлэг үзүүлэх, НҮБ-ын мандатын дагуу Өмнөд Судан Улсад тогтвортой нөхцлийг бүрдүүлэх” үүрэгтэйгээр Өмнөд Судан улсад Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2012 оны 04 дүгээр сарын 1-нээс үүрэг гүйцэтгэж байна.
Ахлагч Г.Мөнх-Эрдэнэ нь Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны нэгдүгээр ээлжийн батальоны удирдлага дэмжлэгийн ротын тээврийн салаанд жолооч албан тушаалд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаад 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өвчний улмаас зуурдаар нас баржээ.
Тэрээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид сургалтын процесс хангах салааны зенитийн салаанд сумлагч-жолооч албан тушаалд томилогдон ажиллаж байсан.
Ахлагч Г.Мөнх-Эрдэнэ нь Өмнөд Судан Улсад Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын батальоны тэргүүний бүлэгт томилогдон Жуба хот дахь НҮБ-ын Томпинг баазад ирж 2012 оны 4 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 3-ыг хүртэл үүргээ амжилттай гүйцэтгэсэн.
Үүрэг гүйцэтгэх хугацаандаа тэргүүний бүлгийн нислэгээр ирсэн авто, хуягт техник, чингэлгүүдийг хүлээн авч байрлуулах ажилд идэвхтэй оролцож авто, хуягт техникүүдэд засвар үйлчилгээг чанартай сайн хийж гүйцэтгэн техникийн бэлэн байдлыг хангаж ажилласан.
Ахлагч Г.Мөнх-Эрдэнэ нь Өмнөд Судан Улсын Лейкс мужийн Румбек хот дахь НҮБ-ын баазад үүрэг гүйцэтгэх хугацаанд ойрын болон холын эргүүлд үүрэг гүйцэтгэж замын нөхцөл байдлыг судлан бусад жолооч нарт сургамж зааварчилгаа өгөн бусдыгаа манлайлж ажилладаг манай тэргүүний ахлагч нарын нэг байсан юм.
Ахлагч Г.Мөнх-Эрдэнэ нь 2006, 2009 онд Сьерра-Леон Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Монгол Улсын цэргийн багийн II, VIII ээлжинд үүргээ амжилттай гүйцэтгэж “Энхийн төлөө” медаль, НҮБ-ын медаль-l,ll, “Эх орны төлөө-III” хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан манай туршлагатай энхийг сахиулагчдын нэг юм.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оны 11 дүгээр сарын нэгний байдлаар 18 ажиллагаанд 115 орны 97,306 цэрэг цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1948 оноос хойш 3048 цэрэг, цагдаа, энгийн албан хаагчид даян дэлхийн энх тайван амар амгалангийн төлөө амь насаа алджээ. Эдгээрээс 917 албан хаагч өвчний улмаас, 1186 албан хаагч аваар ослын улмаас, 776 нь халдлага дайралтад өртөж, 174 нь бусад шалтгаанаар амь насаа алджээ. Амь насаа алдсан 3048 алба хаагчийн 2216 цэргийн алба хаагч байна.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )