Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Өргөдөл гомдлын хороо хуралдлаа. Хуралдаанаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газартай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлтийг хэлэлцлээ. Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын дарга Ч.Бямбажав тус газартай холбоотой өргөдөл гомдлын тухай мэдээллийг хийлээ. Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1234 утас болон, Онлайнаар өнгөрсөн сарын 3-наас, энэ сарын 13-ныг хүртэлх хугацаанд нийт 268 өргөдөл гомдол ирснээс, орон сууцны үйлчилгээтэй холбоотой 141, халаалттай холбоотой 68 хэрэгцээний халуун хүйтэн устай холбоотой 14, цахилгаантай холбоотой 19 гомдол ирсэн байна. Эдгээр гомдол хүсэлтийн 194-ийг хугацаанд нь шийдвэрлэжээ. Хуралд оролцогчид, цахилгаан түгээх сүлжээ ХХК болон Дулааны шугам сүлжээ ХХК-ийн үйл ажиллагааны доголдлоос болж орон сууц нийтийн аж ахуйн компаниудад гомдол маш ихээр ирдэг. Тиймээс эх үүсвэрийн доголдлыг арилгуулах тал дээр илүүтэй анхаарах нь чухал байна гэсэн саналуудыг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, дулаантай холбоотой асуудал орон сууцны конторуудын байнгын бэрхшээл. Тиймээс орон сууцны дулаан алдагдалтыг багасгах тал дээр дорвитой ажил хийх нь зөв юм. Мөн иргэдээс ирүүлж байгаа гомдлын тал гаруй хувь нь засвар үйлчилгээтэй холбоотой асуудал байдаг юм байна. Засвар үйлчилгээг бид гадны ямар нэг хүчин зүйлгүйгээр шийдвэрлэх боломжтой. Тэгэхээр иргэдэд үзүүлэх энэ үйлчилгээндээ илүү их анхаарч, сэтгэлтэй хандах хэрэгтэй, цаашид шинээр баригдах орон сууцанд дулаан алдагдалтын стандартыг тогтоох чиглэлээр бид анхаарч ажиллана гэлээ. Мөн СӨХ болон орон сууцны конторуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллах нь иргэдийн гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэхэд илүү дөхөмтэй гэв.
НИТХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо нь 7 төлөөлөгчтэй бөгөөд НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл нь тус хорооны дарга юм. Тус хороо нь иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын асуудлыг шуурхай шийдвэрлэх, өргөдөл гомдолд дурдсан асуудлыг судлан үзэж, нийслэлийн төр захиргааны байгууллагаас гаргаж байгаа эрх зүйн баримт бичигт тусгах, тэдний санал бодлыг нэгтгэн хурлын байгуулалтын удирдлагад танилцуулах, шийдвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг асуудлыг эрхэлдэг.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )