Олон улсын шилжилт, суурьшлын байгууллага /ОУШСБ/-д манай улс элсэн орох шийдвэрийг УИХ 2008 оны 6 дугаар сард гаргасан нь хилийн чанадад иргэдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн шилжилт хөдөлгөөний асуудлыг зохицуулах, хөдөлмөрийн цагаачдын эрхийг хамгаалах, хүний наймаатай тэмцэх талаар уг байгууллага болон түүний гишүүд, ажиглагчидтай хамтран ажиллаж, тэдний үйлчилгээ, тусламж, зөвлөгөөг авахад чиглэсэн чухал алхам болсон юм. ОУШСБ болон “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын оролцоотойгоор 2008-2009 онд гадаадад өндөр цалинтай ажил эрхлэхээр явж хууртагдсан, хүний наймааны золиос болсон, эх орондоо буцах зардалгүй болсон нийт 102 иргэнийг Малайз, Хятадын Макао, Шинжаан, Туркийн Истанбул, Лондон зэрэг хотоос эх орондоо ирүүлэх арга хэмжээ авчээ.
Хүн худалдах гэмт хэргийн хохирогч болсон 4 эмэгтэйг ОУШХБ, ХТЭТ-тэй хамтран Малайзаас авчирлаа. Хүнийг худалдахаас гадна албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдол гарчээ. 2007 оны 9 дүгээр сард Хятадын Жэзян мужийн Жузи хотын “Шуан Мэй Ши Жуан” компанид ажиллахаар очсон боловч тохирсны дагуу цалин хөлсөө өгөөгүй, ажлын нөхцөл хүнд, оршин суух зөвшөөрөл аваагүй 18 эмэгтэйг эх орондоо авчрав.
2010 онд Гадаадад өндөр цалинтай ажилд орох зарын дагуу хууртагдан БНТУ руу явж, эх орондоо буцах зардалгүй болсон 57 хүнийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын зардлаар эх орондоо буцаах арга хэмжээг 2011 онд хэрэгжүүлэв. Уг байгууллагын зардлаар БНТУ-ээс буцаасан нийт хүний тоо 207 болов. Хүн худалдаалахтай тэмцэх хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан энэ ажлыг зохицуулан зохион байгуулах дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд КГ-ын захирал орж ажиллаж байна. Хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, байр хоол, хүнсээр хангах, эх оронд нь буцаан ирүүлэх талаар журмын төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Засгийн газраас хилийн чанадад байгаа иргэдэд туслах сан байгуулах шийдвэрийг 2009 онд баталж, 2009-2011 онд уг сангийн дүрмийн заалтын дагуу нас барсан иргэний шарил, чандрыг авчруулах, аюул осолд өртсөн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, гадаад улсад ял эдэлж буй иргэдээ ДТГ-аас эргэх зэрэг арга хэмжээнд нийтдээ 360 орчим сая төгрөгийн тусламжийг үзүүлсэн байна.
Хилийн чанадад 2012 оны эхний 9 сарын байдлаар манай 60 иргэн нас барсан бөгөөд ОХУ-д 6, БНХАУ-д 7, БНСУ-д 26, бусад улсад 21, өвчнөөр 26, золгүй тохиолдлоор 10, авто ослоор 8, амиа хорлох 3, бусад шалтгаанаар 13 иргэн нас барсан байна.
2012 онд хилийн чанадад нас барсан иргэний шарилыг авчрах зэрэг зардалд ар гэрийн байдал, төлбөрийн чадваргүй зэргийг харгалзан 25 тохиолдолд 137 сая төгрөгийн тусламжийг иргэдэд туслах сангаас зарцуулаад байна.
Малайзад бусдын гарт амь насаа алдсан талийгаач Ш.Алтантуяагийн хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар 2012 оны 3 дугаар сард Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж Малайзад ажлын хэсэг томилон ажиллуулахаар тогтов. Энэ талаар Малайзын Гадаад хэргийн яаманд ноот хүргүүлэн ажлын хэсгийг 2012 оны эцсээр явуулахаар товыг тохирч байна.
Хар тамхины хэргээр цаазын ял авсан иргэн Ж.Дамдины амь насыг өршөөх хүсэлтийг хятадын талд тавьж, ийм ноцтой гэмт хэргийн талаар төр засгийн зүгээс бололцоотой бүхий л арга хэмжээг авч ирлээ. Мөн Японд болсон далайн шуурга, Египетэд болсон үймээний үеэр монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тухай бүр холбогдох арга хэмжээ авч ажиллав.
А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )