Шинэчлэлийн Засгийн газар “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулахаар “Хүүхдээ сонсъё” аяныг энэ сарын 5-15-ны хооронд аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд тус тус зохион байгуулжээ.
Энэхүү аян нь тус хөтөлбөрийг боловсруулахад хүүхэд олон нийтийн санаа бодлыг тусгах, бодлого үйл ажиллагааны хэрэгцээг тодорхойлох зорилготой “Хүүхэд хүүхдээ сонсъё”, “Гэр бүл хүүхдээ сонсъё”, “Сургууль хүүхдээ сонсъё”, “Засгийн газар хүүхдээ сонсъё” гэсэн дөрвөн чиглэлийг баримтлан явуулжээ. Өдгөө манай хүн амын 37 хувийг хүүхэд, өсвөр насныхан эзэлж байна. Ингээд энэхүү аянд улсын хэмжээнд 135 мянган хүүхэд, 30 мянга гаруй багш, эцэг эхчүүдийн төлөөлөл хамрагджээ. Нийт 10831 санал хүсэлт ирсэнээс 27 хувь нь хүүхдэд зориулсан хөгжил, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж муутай, 25 хувь нь хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх хөгжих орчин нөхцөл муу, байхгүй талаар, 22 хувь нь хүүхдийн эрх хамгаалал зөрчигдсөн талаар, 21 хувь нь хүүхэд бие даан сурч хөгжих гарын авлага, арга зүйн материал зөвлөмж, дэмжин чиглүүлэх багш дутагдалтай талаар, 5 хувь нь хүүхдийн байгууллагын ажитнуудыг бэлтгэх мэргэшүүлэх давтан сурах тогтолцоо байхгүй зэрэг санал хүсэлт иржээ. Иймд эдгээр санал хүсэлт Засгийн газрын “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрт нилээд түлхүү тусгагдах юм байна. Түүнчлэн, хүүхэд хамгааллын хамгийн сайн арга бол “урьдчилан сэргийлэлт” гэсэн зарчмыг баримтлан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж буй ажээ. Мөн хүүхдэд зориулсан үйлчилгээг стандартчилж, норм норматив тогтоосноор хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээ сайжирч хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )