“Автобус-I” компани шинэ захиралтай болжээ.Тус компанийн захирлаар хуулийн байгууллагад олон жил ажилласан өмгөөлөгч Ц.Одонтунгалаг хэмээх эмэгтэй томилогдсон байна.
Шинэ захирал ажлаа аваад удаагүй байгаа ч байгууллагынхаа дотоод нөөц боломжийг ашиглан маргаантай байсан зарим асуудлыг шийдвэрлэж эхэлжээ. Тэрбээр юуны түрүүнд ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмж, арваннэгдүгээр сарын цаг, орлогын төлөвлөгөөг бууруулсан байна.
“Автобус-I” компанийн ажилчид энэ сарын 5-ны өдөр ажил хаяж байсан билээ. Жолооч, кондукторууд цагийн орлогын төлөвлөгөөг бууруулах, ажлын ачаалал ихтэй байгааг харгалзан цалинг нэмэх, хөдөлгөөний сахилга батын хариуцлага тооцохдоо арга хэмжээ давхардуулахгүй байх, жолоочийн хариуцлагын даатгалын үр дүнг сайжруулах гэсэн дөрвөн шаардлагыг тавьж байсан юм. Мөн энэ асуудлыг дотооддоо ярилцан шийдвэрлэхгүй байгаа удирдлагаа халж, солихыг шаардаж байжээ. Тус компанийн ажилчид 06.00-13.00 цагийн хооронд ажил хаяхад орон нутгийн төсөв 20 гаруй сая төгрөгийн алдагдалд орсон байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )