Нийслэлд зураг төсөв нь батлагдаагүй нэг ч ажлыг эхлүүлэхгүй
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 22-нд болж хуралдаанаар нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, 2013 оны төсөв, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Нийслэлийн засаг дарга, “өнөөдөр бид нийслэлийн ирэх оны нийгэм эдийн засгийн зорилт болон, төсөвийн төслийг хэлэлцэнэ. Тиймээс өнөөдрийн хуралдаан нийслэлийн харъяа газар, хэлтэс Агентлагуудын дарга нарыг хамруулсан өргөн бүрэлдэхүүнтэй болж байна” гэдгийг тодотгон хэллээ.
Улаанбаатар хотын 2013 оны хуралдаанаар Нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтын төсөлийг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаар энэ сарын 15-ны өдөр батлагдсан. НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр нь 5 бүлэг, 123 заалттай. Ерөнхийдөө Улаанбаатар хотыг хөгжүүлэх 5А зорилтын хүрээнд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсан гэдгийг тэрээр танилцуулав. Үүнд: Агаар цэвэр Улаанбаатар бүлэгт нийт 24 заалт, Амины сууцтай Улаанбаатар бүлэгт нийт 19 заалт, Ажилтай, орлоготой Улаанбаатар бүлэгт нийт 31 заалт, Аюулгүй, амгалан Улаанбаатар бүлэгт нийт 34 заалт, Авилгагүй Улаанбаатар бүлэгт нийт 15 заалт бүхий 398 ажлыг 2013 онд хэрэгжүүлэхээр зорилтын төсөлд тусгажээ. Мөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын төслийг боловсруулах чиглэлээр нутгийн захиргааны байгууллагуудаас хоёр удаа 2 сарын хугацаанд санал авсан бөгөөд дүүрэг, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрууд гээд нийт 49 байгууллагаас санал авахад нийт 86 санал ирүүлснийг энэхүү зорилтын төсөлд тусгасан байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын төслийг, Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол улсын 2013 оны төсвийн төсөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2013 оны төсвийн төсөл зэрэг бодлогын баримт бичгүүдэд нийцүүлэн боловсруулжээ . Энэ зорилтын гол агуулга нь, Хотын иргэд, оршин суугчдын аюулгүй, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх , хотын дэд бүтцийг сайжруулж, тохилог орон сууцны хангамжийг нэмэгдүүлэн гэр хорооллыг хөгжүүлэх, хотын дахин төлөвлөсөн хэсгүүдийг нийгмийн дэд бүтцээр хангах, алслагдсан болон захын дүүргүүдийн нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, шууд ардчиллыг хөгжүүлэн нээлттэй засаглалыг бий болгох зэрэг гол агуулгаар санаачилсан шинэлэг ажлууд тусгагдсан байна. Мөн улс, нийслэлийн төсвөөр хийгдэж буй, шинээр барих, өргөтгөх барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулах ажлууд, 6 сургууль, 11 цэцэрлэг болон 5 спорт цогцолбор барих ажил, шинээр барих 86 км, өргөтгөж шинэчлэх 68 км авто зам, төрийн үйлчилгээний /цагдаа, эмнэлэг, түргэн тусламжийн болон гал унтраах пунктууд/ барилгуудын ажил, нийтийн тээврийн болон цагдаагийн байгууллагын парк шинэчлэлт гэх мэт ажлууд тусгагдсан байна. Таницлуугыг сонсоод НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, аж ахуйн нэгж албан байгууллагын орчмын 50 метр хүртлэх газрыг тохижилтын шугамаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Тиймээс энэ ажлын үр дүнг бид хүлээж байгаа учраас энэхүү зорилтод гол чиглэл болгон тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, бид 2013 онд зураг төсөв нь бэлэн болсон хөрөнгө оруулалтын асуудал нь шийдэгдсэн ажлыг эхлүүлнэ. Харин ямар нэг зураг төсөв нь гараагүй ажлыг эхлүүлэхгүй гэж тооцож байгаа гэлээ. Нийслэлийн Засаг дарга, дүүрэг, хэлтэс, агентлагын дарга нарт 2014 онд хийгдэх ажлын зураг төсвийн тооцоог өнөөдрөөс эхлэн хийх хэрэгтэй, зураг төсөвгүй нэг ч ажлыг хийхгүй гэж санууллаа. Дээрхи зорилтыг НИТХ-аар хэлэлцүүлэн батлах юм.
Улаанбаатар хотын 2013 оны төсвийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Улаанбаатар хотын 2013 оны төсвийн төслийг Нийслэлийн засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа.
Монгол Улсын Их Хурал энэ сарын 8-нд хуралдахдаа “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэн баталсан юм. Энэхүү хуулиар 2013 оноос шинээр бий болж буй орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэл хотод 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг олгохоор баталжээ. Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардлыг улсын төсвийн тусгай шилжүүлгээр орон нутаг санхүүжүүлдэг болсонтой холбогдуулан 223,7 тэрбум төгрөг дээрх зардлуудад зарцуулагдахаар батлагдсан байна. Мөн нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248,0 тэрбум төгрөгийн 146 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн 4 томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр хуульчилан батлагдсан байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 248,0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсаныг салбарын хувьд багцалж үзвэл хот байгуулалт, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулахад 28,8 хувь, авто зам, нийтийн тээврийн салбарт 37,6 хувь, боловсролын салбарт 12,4 хувь, эрүүл мэндийн салбарт 3,8 хувь, төрийн үйлчилгээг сайжруулахад 3,5 хувь, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд 7,0 хувь, соёл, спортын салбарт 6,9 хувийг тус тус зарцуулахаар тооцоо гарчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг барилгажуулах, орон сууцны шинэ хороолол барих бэлтгэлийг хангах зорилгоор дулаан цахилгааны станцуудын шинэчлэлтийн ажил, цахилгааны “Их тойруу”, "Сонгино", "Их тойрог", "Баянгол" хорооллын дэд станцууд, ЦДАШ-уудыг барьж байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн цэвэр, бохир усны гол шугамуудыг өргөтгөн шинэчлэх, гэр хороололд бага оврын цэвэрлэх байгууламжуудыг барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Улаанбаатар хотын гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналттай айл өрхийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахад 4,0 тэрбум төгрөгийг зарцуулна гэлээ.
2013 онд нийслэлийн авто замын салбарт улсын төсвөөс 93,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 75,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барьж эхлүүлэхээр байгаа юм байна. Дээрхи хөрөнгөөр Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто зам, Зүүн салааны 3.6 км авто зам, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Бэлхийн 5 км авто замын шинэчлэл, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, 39-р сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Баянбүрдийн тойргоос 32 тойрог хүртэлх 1.7 авто замын шинэчлэлт, МТ-ын ШТС-ийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн 224 у/м гүүрийн өргөтгел шинэчлэлтийг хийхээр тооцжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 9,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 ортой барилга, Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлэгийн барилга, Хонхор тосгоны 10 ортой эмнэлгийн барилга зэрэг эмчилгээ, үйлчилгээний стандарт, шаардлага хангасан зориулалтын барилгууд баригдаж нийслэлийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлэгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа гэв.
Харин Нийслэлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 30,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1075 ор бүхий 11 цэцэрлэгийн барилга, 6300 суудал бүхий 9 сургууль, 4 спорт заалны барилга баригдах юм. Дээрхи хөрөнгө оруулалтын үр дүнд боловсролын хүртээмж, сургалтын орчин сайжирч, бага насны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл хангагдана гэж тооцсон байна. Мөн нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдараа чийрэгжүүлэх 5 спорт цогцолборын барилгыг Сүхбаатар, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд барихаар төлөвлөжээ.
Харин нийслэлийн орон нутгийн төсвийн талаар товч мэдээлэхэд, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн 2013 оны төсвийн орлогын хэмжээг 358,3 тэрбум төгрөгөөр, суурь урсгал зардлыг 166,5 тэрбум төгрөгөөр, хөрөнгө оруулалтад 188,2 тэрбум төгрөг зарцуулагдахаар баталсан байна. Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардлыг улсын төсвийн тусгай шилжүүлгээр орон нутаг санхүүжүүлдэг болсонтой холбогдуулан 223,7 тэрбум төгрөг дээрх зардлуудад зарцуулагдахаар батлагджээ. Мөн нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248,0 тэрбум төгрөгийн 146 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн 4 томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр хуульчилан батлагдсан байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны зорилттой нягт уялдуулан, нийслэлийн иргэдийн эрэлтэнд тулгуурлан боловсруулж байгаа юм байна.
Нийслэлийн 2013 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний бэлтгэл хангах зорилгоор нийслэлийн 2012 оны төсвөөс 10,0 тэрбум төгрөг зарцуулж шинээр баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлуудын зураг төсвийг боловсруулж байна. Шинээр батлагдан гарсан төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2013 он нь төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцоо болон төрийн захиргааны анхан шатны нэгж, байгууллага дүүргүүдийн эрх хэмжээг нэмэгдүүлэхэд ахиц өөрчлөлт гарсан төсвийн шинэчлэлийн жил байх болно. Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгож буй 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлгийн 60 хувь нь дүүргүүдийн хөгжлийн санд шилжиж, 40 хувь буюу 16,6 тэрбум төгрөг нь нийслэлийн хөгжлийн санд үлдэж, иргэдийн саналыг үндэслэж дээрх хөрөнгийг хэрхэн зарцуулахыг шийдвэрлэх болно гэж Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцууллаа. Улаанбаатар хотын 2013 оны төсвийн төслийг нийслэлийн иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлсэн бөгөөд, харъяа газар, хэлтэс, дүүргүүдээс ирсэн саналуудыг тусгаж НИТХ-аар хэлэлцүүлэн батлах юм.
2013 онд Цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 12 байршилд 11.06 га газрыг төлөвлөлжээ
Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт болон, ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцууллаа.
Энэ жил Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтын талаар нийт 211 ажил төлөвлөнөөс 115 ажлыг нь бүрэн биелүүлсэн байна. Харин Нийслэл хотын дэд бүтцийг сайжруулах, өргөтгөх, дахин төлөвлөх талаар нийт 67 ажил төлөвлөсөнөөс 77 хувийг нь биелүүлсэн байна. Нийслэл хотын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар 15 ажил төлөвлөсөн бол наймыг нь бүрэн хийж гүйцэтгэсэн байна.
Ирэх онд Газар зохион байгуулалтын 8 бүлэг 409 ажлын төлөвлөгөөг газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын даргын 2010 оны 589 дугаар тушаалаар баталсан “Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу боловсруулжээ. Үүнд: Газрын менежментийг хэрэгжүүлэх талаар, Иргэдэд өмчлүүлэх газрын байршил, хэмжээний талаар, Эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын талаар, Явган болон авто замын барилга, байгууламжийн талаар Нөхөх олговор олгох газрын байршил, хэмжээ, зардал Газрын элэгдэл, эвдрэл, доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил хэмжээ Газрын төлбөрийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээ, газрын татварын талаар хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг бүлэг ажлууд багсан байна. Газрын менежментийг хэрэгжүүлэх талаар, Иргэдэд өмчлүүлэх газрын байршил, хэмжээний талаар хийж ажлын бүлэгт Нийслэл хотод газрын харилцаа, хот байгуулалтын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Газар зохион байгуулалт, газрын кадастр, Газрын зураглал, мэдээллийн технологи, газрын татвар, төлбөрийн талаар нийт 28 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал: Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хуулийг боловсруулан батлуулах, Иргэдийн оролцоотойгоор газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан хэрэгжүүлэх, Нийслэл Улаанбаатар хотын газар олголт, барилгажилт, хот байгуулалтын нийтлэг журам”-ыг батлуулан мөрдөж ажиллах, Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний хүрээнд нөлөөлөлд өртсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчлөж байгаа газарт олгох нөхөх олговрын үнэлгээг зах зээлийн үнэлгээнд ойртуулан тооцох аргачлалыг боловсруулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг томоохон ажлууд багтсан байна. Мөн газар зохион байгуулалтын чиглэлээр хийх ажлуудад Нийслэлийн нутаг дэвсгэрийн бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдоогүй төрийн өмчийн газар болон хот, тосгон бусад суурины газрын нийтийн эдэлбэрийн газрын тооллого хийж, дээрхи газруудын байршил, хил зааг, тоо, хэмжээг тодорхойлон тэмдэгжүүлэн хамгаалах, Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх замаар дэд бүтэц бүхий тохилог амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дүүрэг, хороо тус бүрээр бүсчлэн боловсруулах; Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох төлөвлөлтийг дүүрэг бүрт иргэдийн санаачлага, оролцоотойгоор хийж загвар төсөл боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; Орон сууцны хороолол доторх төмөр болон тоосгон гаражуудыг цэгцлэн газар ашиглалтыг сайжруулж, орчны тохижилт бүхий нэгдсэн гараж, хотын төвийн төвлөрсөн хэсэгт авто зогсоол байгуулах ажлыг оршин суугчид болон гараж, авто зогсоол ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, дэмжлэгтэйгээр зохион байгуулах, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон захуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх, гаргах судалгааны Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, Улсын чанартай авто зам, инженерийн шугам сүлжээ барих трассад орсон газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах, нөхөх олговрын хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах, улсын чанартай авто зам, инженерийн шугам сүлжээ барих трассад орсон газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгчийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах, нөхөх олговрын хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ. Газрын кадастарын чиглэлээр Нийслэлийн нутаг дэвсгэрт орон сууц, олон нийтийн барилга байгууламж орчмын нийтийн эзэмшлийн зам талбай, машины зогсоол, явган хүний зам, цэцэрлэгжилтийн талбай, орц, гарц, СӨХ, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн эдэлбэр газар, авто замын улаан шугам, инженерийн байгууламж, шугам сүлжээний хамгаалалтын бүс, ундны усны эх үүсвэрийн тэжээлийн муж болон барилгын норм дүрэм зөрчиж газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон, эрх шилжүүлсэн, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон Нийслэл дүүргийн Засаг даргын захирамжийг судлаж хүчингүй болгох, Хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдох болон шугам сүлжээнд холбогдохоор тусгагдсан газруудад дүүргийн Засаг дарга нарын захирамжуудыг судлан үзэж, хууль зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох, Бусдын эзэмшил ашиглалт өмчлөлд олгогдоогүй газар болон нийтийн эдэлбэрийн газрыг гэрчилгээжүүлэн газрын улсын бүртгэлд бүртгэх зэрэг томоохон ажлуудыг ирэх оны эхний улиралд хийхээр төлөвлөсөнөө танилцууллаа. Мөн энэ хүрээнд иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэх юм байна. Иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээний хувьд 2013 онд шинээр эзэмшүүлэн өмчлүүлэх газрыг газрын тухай багц хууль болон Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон баримт бичгийг батлагдсаны дараа тодорхой байршлуудад шинээр суурьшил бий болгох хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан, дэд бүтэц бий болгон хэрэгжүүлэхээр тооцож байгаа тул энэхүү төлөвлөгөөнд тусгаагүй юм байна. Дахин төлөвлөлт хийж, шинэчлэн зураг төсөв боловсруулах гэр хороололд нийт 24 байршилд 1050,5 га газарыг төлөвлөж байгаа гэж мэдээллээ. Мөн ирэх онд Цэцэрлэгт хүрээлэн, бичил цэцэрлэг байгуулахад нийт 12 байршилд 11.06 га газарыг төлөвлөөд байна. Явган болон авто замын барилга байгууламжийн хувьд, Явган хүний болон гүйлтийн зам нийт 2 байршилд 3.5 га , Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах авто зам, замын байгууламж нийт 14 байршилд 489.6 га , Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах авто зам, замын байгууламж нийт 17 байршилд 126.1 га, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах авто зам, замын байгууламж нийт 17 байршилд 736.7 га, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлттэй зээлийн хүрээнд баригдах авто зам, замын байгууламж нийт 6 байршилд 58.9 га, Хотын хорооллын доторх авто замын нэвтрэх чадварыг сайжруулах талаар хийх судалгаа нийт 11 байршилд 152.2 га газрыг тус тус төлөвлөсөн байна. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Баянгол дүүрэг соёлын төв барих, Чингэлтэй дүүргийн 8-р хороонд 150 хүүхдийн цэцэрлэг барих газар, мөн дүүргийн 14-р хороонд 640 суудалтай сургууль барих газар зэрэг төлөвлөгөөт ажил тусгагдсан бөгөөд эдгээр газруудыг иргэдээс худалдан авах, нөхөн олговор олгох зэргээр шийдвэрлэх боломж байгаа гэж танилцуулгын үеэр дурдлаа. Мэдээллийг сонсоод Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат, нийслэлийн хэмжээнд оршуулгын газрын асуудал нилээн хүндэрч байна. Тиймээс оршуулгын газрын хамгаалалтын бүсийг тогтоож, баталгаажуулах ажлыг энэхүү төлөвлөгөөнд тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэлллээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун," гэр хорооллын дахин төлөвлөлтөд хөшүүрэг маш чухал үүрэгтэй. Тухайлбал тухайн газрыг чөлөөлж, сургууль цэцэрлэг барих онцгой шаардлага үүсэж байгаа учраас газар чөлөөлүүлэх төлөвлөгөөг үндсэндээ 2 ангилан хувааж НИТХ-аар хэлэлцүүлэх нь зөв байх" гэв. Энэхүү санал дэмжигдэж, замын трасст байгаа газрыг чөлөөлөн нөхөн олговор олгох, гэр хороололд дахин төлөвлөлт хийж сургууль цэцэрлэг барих асуудлыг тусад нь салган төлөвлөж Монгол улсын Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалтын дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )