Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сард БНХАУ-ын Тяньжин хотын “Grand Theater”-ийн тайзнаа П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балетыг толилуулахаар болжээ. Тус театрын энэхүү аялан тоглолт нь олон улсын хэмжээнд анх удаа хамгийн олон хүнийн бүрэлдэхүүнтэй буюу 150 уран бүтээлчид оролцох юм байна.
Монголын сонгодог урлагийн уран бүтээлчид дэлхийд дээгүүрт үнэлэгддэг боловч аялан тоглолт хийх зардал, мөнгөний асуудалд нэлээд цаг алддаг болохыг тус театрын хамт олон өгүүлж байсан. Энэ удаагийн аялан тоглолтын ирэх буцах зардлыг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл шийдвэрлэж өгсөн гэнэ. Харин аялан тоглолтын долоо хоногийн буудал, хоолны зардлыг “Grand Theater”-ийн зүгээс хариуцаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, саяхан тус театрын хамт олон П.И.Чайковский “Хунт нуур” бүжгэн жүжгийг Улаанбаатар хотноо зохиогдсон Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгчийн чуулга уулзалтад ирсэн зочдод сонирхуулсан билээ. Зүүн өмнөд Азийн улс орнуудад “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэгчдэд толилуулсан нэг ч театр байдаггүй. Ганцхан манай УДБЭТ-т тавигдсан бөгөөд үзэгчдийн сэтгэлд нийцэж, зүрхэнд хоногшсон тоглолт боллоо хэмээн зочид төлөөлөгчид талархал илэрхийлсэн гэнэ билээ. Тиймээс Монгол Улсынхаа сонгодог урлагийг дэмжиж, хамтран ажиллах нь салбарын яамны төдийгүй хувь хүмүүст ч хамаатай зүйл хэмээн тус театрын хамт олон хэлж байсан. Учир нь нэг байгууллагын ажлаа сурталчилж байгаа асуудал биш, Монол Улсын нэр хүндтэй холбоотой. Сонгодог урлагаа дэмжсэнээр дэлхийн улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн дуурийн театр, театрын уран бүтээлчийг бэлтгэдэг хэмээн үнэлэгдэх боломж бидэнд байгаа хэмээн тус театрынхан хэлж байна.
У.Баяр

Сэтгэгдэл ( 0 )