ҮДБЭЧ маргааш гала тоглолтоо хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 24

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид энэ жил ёстой л одтой байгаа. Үндэснийхээ их дуу, бүжгийг тэнгэрийн дайтай авч яваа болохоор арга ч үгүй биз. Энэ жил тус чуулгын Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсын хагас зуун жил тохиож байгаа билээ. Тус ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Монголын сайхан орон”, “Наадмын үдэш”, “Тал нутгийн Ариранг”, “Рок поп оддын их хуралдай” зэрэг тоглолт зохион байгуулсан. Тэгвэл маргааш 15:00 цагт хүндэтгэлийн гала тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байна. Тоглолтод алдарт хөгжмийн зохиолч Л.Мөнхдоржийн “Цэнгэлийн эгшиг”, Э.Чойдогийн “Монголын сайхан орон” эгшиглэх бол Д.Лувсаншаравын “Хурдан зээрд” дууг ДБЭЧ-ийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг дуулна гэсэн. Мөн Н.Жанцанноров, З.Хангал нарын симпон оркесторт зориулсан бүтээлээс гадна хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Чинбат “Монгол найрал” хөгжмийг анх удаа үзэгч танд тус тайзнаас сонсгох нь ээ. Дээрх хөгжмийн зохиолчдийн бүтээлээс гадна М.Бирваа, Д.Ариунболд, Р.Бат-Эрдэнэ зэрэг олон уран бүтээлчийн бүтээл эгшиглэх юм байна.

У.Баяр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top